Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан байсан. “Оюутолгой” ХХК 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг Төрийн сангийн дансанд байршуулсан бол 2021 оны гуравдугаар сарын 4-нд үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийг шилжүүллээ. 2020 оны татварын актаар илэрсэн томоохон зөрчлүүдээс дурдвал:
- “Оюутолгой” ХХК-иас Рио Тинто компанид шилжүүлсэн нийт 549 орчим тэрбум төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөрт суутгалын татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 164.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги
- “Оюутолгой” ХХК-иас Туркойс Хилл Ресурс, Рио Тинто компанийн харилцан хамааралтай этгээдүүдэд төлсөн хувь нийлүүлэгчдийн зээлийн 598.1 тэрбум төгрөгийн хүүнд суутгалын татварын бүрэн ногдуулж төлөөгүй зөрчилд 179.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги
- “Оюутолгой” ХХК-ийн экспортод гаргаж худалдсан бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлөхөд Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги
- Бодит бус ханшийн зөрүүгээр ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 395.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн
- Агаарын бохирдлын төлбөр төлөөгүй зөрчилд 800,000 төгрөг.
“Оюутолгой” ХХК-ийн 2013 оноос 2015 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 370 гаруй тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг мөн 2018 оны 01 дүгээр сард ногдуулсан. Энэхүү татварын актаас 359 орчим тэрбум төгрөгийг “Оюутолгой” ХХК эсэргүүцэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан нэхэмжлэл, Лондоны олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл тус тус гаргасан. 2018 оны татварын актаар илэрсэн томоохон зөрчлөөс дурдвал:
- “Оюутолгой” ХХК-иас Рио Тинто компанид шилжүүлсэн нийт 589.4 орчим тэрбум төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөрт суутгалын татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 176.8 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги
- “Оюутолгой” ХХК-иас Туркойс Хилл Ресурс, Рио Тинто компанийн харилцан хамааралтай этгээдүүдэд төлсөн хувь нийлүүлэгчдийн зээлийн 522.1 тэрбум төгрөгийн хүүд суутгалын татварын бүрэн ногдуулж төлөөгүй зөрчилд 156.6 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги
- “Оюутолгой” ХХК-ийн экспортод гаргаж худалдсан бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлөхөд Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 24.3 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги
- Бодит бус ханшийн зөрүүгээр ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 402.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн
- Агаарын бохирдлын төлбөр төлөөгүй зөрчилд 2.2 сая төгрөг.
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан дээрхи татварын актууд Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу хийгдсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд ногдуулсан, үндэслэлтэй шийдвэр бөгөөд “Оюутолгой” ХХК, Рио Тинто болон Туркойс Хилл Ресурс компаниуд нь Монгол Улсад төлөх татварыг шударгаар, бүрэн төлөх үүрэгтэй.
“Оюутолгой” ХХК нь 2010-2020 оны хугацаанд улсын болон нутгийн төсөвт нийт гурван их наяд төгрөг буюу 1.2 тэрбум орчим ам.долларын татвар, хураамж төлсөн. Тус компанийн жилийн орлого 1.1 тэрбум орчим ам.доллар бөгөөд менежмeнтийг хэрэгжүүлдэг Рио Тинто болон түүний харилцан хамааралтай этгээдүүд нийт орлогын 30 орчим хувийг менежментийн төлбөр, баталгааны шимтгэл, бусад төлбөр хэлбэрээр авдаг. Татварын актуудаар илэрсэн зөрчлийн дийлэнх хэсгийг менежментийн талбөр, зээлийн хүүнд төлөх суутгалын татварыг бүрэн ногдуулж төлөөгүй зөрчилд ногдуулсан нөхөн татвар, алданги, торгууль бүрдүүлж байна.
Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангуулахад шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсад олсон орлогод татвар шударгаар төлөх шаардлагыг “Оюутолгой” ХХК, түүний менежментийг хэрэгжүүлж буй Рио Тинто, хувьцаа эзэмшигч болох Туркойс Хилл Ресурс компаниудад байнга тавьж, яриа хэлэлцээ үргэлжилж байна гэж Засгийн газраас мэдээллээ.