“Нюанс” хамтлагийн дуучин Д.Дүйнхэржавыг хөрш нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэн гэх мэдээлэл сошиал орчинд тархсан. Тодруулбал, түүнийг “Гэртээ 15.00-20.00 цагийн хооронд өдөр бүр дууны бэлтгэл хийдэг. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлд зааснаар Орон сууцны дэвсгэр газар, талбайг зориулалтын бусаар ашиглаж, амгалан байдлыг алдагдуулж байна” хэмээн үзсэн утга агуулга бүхий бичгийг түүнд өгсөн байна.
Энэ талаар “Нюанс” хамтлагийн дуучин Д.Дүйнхэржаваас тодрууллаа.
"Улаанбаатар хотод нийтийн орон сууцад амьдардаг залуу хосуудын гэр бүлд байдаг л асуудал. Миний хувьд дуучин, уран бүтээлч хүн. Сүүлийн үед ковид-19-ын улмаас гэрээсээ ажлаа хийх тохиолдол байгаа. Гэхдээ Ковид-19 руу чихэж байгаа юм биш. Уран бүтээлч хүн учраас өдөрт гэртээ байхдаа заримдаа 10-15 минут хоолойн дасгал уншдаг. Хоолойгоо халаах хэрэг гардаг. Мөн манай охин Хөгжим бүжигт сурдаг юм. Зарим үед хөгжмөө давтана. Хэд хоногийн өмнөөс хаалга тогшсон. Тэгтэл манай хажуу талын хөрш залуу “та нар их хашхирч, муухай орилж, бусдад төвөгтэй байна гэсэн гомдол ирүүлсэн” үүнийг хүлээж авч тайлбарласан.
Нэгдүгээрт би гэртээ байна. Хоёрдугаарт зөрчлийн хуулийн заалтыг харвал 22 цагаас хойш амгалан тайван байдлыг алдагдуулаагүй тохиолдолд зөрчлийн хуулийн арга хэмжээ авахгүй. Магадгүй тэр цагаас хойш орилсон, дуулсан бол гомдол гаргаж шүүмжилж, өргөдөл гомдол өгч болох юм байна. Гэтэл өдрийн цагаар бэлтгэл хийж байгаа үед дуугүй бай гэж юу гэсэн үг юм. Би гэртээ ямар хоол хийхийг хөршөөсөө асуухтай адил. Би хувь хүн, хувь хүнийхээ эрхийг эдэлж байгаа. Гэртээ байна. Гэхдээ хэн нэгэнд саад учруулах тийм хүсэл байхгүй шүү. Манай гэр бүл одоо гурван хүүхэдтэй, орой 22 цаг гэхэд орондоо ороод амардаг юм. Үүний дараагаар маргааш нь дахин хаалга тогшсон. Гэтэл сошиалд нийтэлсэн байгаа тэр зургийг надад өгсөн юм. Түүнийг нь хартал зөрчлийн хуулийн заалтыг бичсэн байсан. Ингээд л тухайн үеийн эмоциороо пост оруулсан юм.
-Хөрш чинь таныг шүүхэд өгсөн юм уу эсвэл өгнө гэж эхний ээлжинд бичиг явуулсан юм уу?
Өгнө гэж байгаа юм билээ. БЗД-ийн шүүхэд хандана гэсэн зүйлийг өөрөө бичсэн байсан. Тэр хүн өөрийн сонирхлоор шүүхэд өгч болно. Үүнд асуудал байхгүй. Миний хувьд гэртээ дуугаа дуулна уу эсвэл хоол хийнэ үү уг нь хамаагүй. Энэ асуудлыг таашаахгүй л байна" гэлээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.5.1-д “Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан байдаг.