Өчигдөр “Ноёд” группийн ерөнхий захирал Г.Буяндорж болон түүний гэргий МУГЖ Т.Ариунаа нар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд гурван шаардлага хүргүүлсэн билээ. Уг шаардлагын хариу ирэх хүртэл 72 цагийн хугацаанд Эрх чөлөөний хөшөөний өмнө суулт зарлахаа мэдэгдсэн юм.
Тэд Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд дараах гурван шаардлагыг хүргүүлсэн юм.
- БНХАУ-ын иргэний 47 тэрбум төгрөг угаасан хэргийг шалгах
- Өөрт учирсан 25 тэрбум төгрөгийн хохирлыг шийдвэрлүүлэх
- Ёс зүйгүй прокуроруудыг шалга, хариуцлага тооцох
Шаардлага биелүүлэхгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байгаа.
Ноёд группийн ерөнхий захирал Г.Буяндорж “Монголын прокурорын байгууллагууд ялзарсан байна. Миний зурж байгаа гарын үсэг хэдэн хүний амьдралын хувь заяаг шийдэж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Цөхөрсөн олон иргэн бид нарт ирж саналаа хэлж байна. Нийслэлийн прокурорын өгсөн бичгээс болж Монголын төрд итгэх итгэл суларсан.
Долоо хоногийн өмнө 47 тэрбумын мөнгө угаасан хэргийг шалгаж өгөөч гэхэд шалгахгүй гэсэн. Дөрвөн удаа гомдол гаргах хүсэлтээ өгсөн ч хүлээж аваагүй. Ерөнхий прокурорт хандаж, уг хэргийг шалгах албан шаардлага хүргүүлж байна.
Мөн намайг хохироосон 25 тэрбумын асуудлыг шүүх рүү шилжүүлэхийг, 10 жил шалгасан прокуроруудад ёс зүйн хариуцлага тооцохыг шаардаж байна. Энэхүү шаардлагуудыг биелүүлтэл манай гэр бүл суулт зарлаж, миний бие өлсгөлөн зарлахаа мэдэгдэж байна” гэлээ.
МУГЖ Т.Ариунаа "Хэлмэгдүүлэлтийг гавлаж, гинжлэх гэж ойлгоод байна. Эрүүдэн шүүлт, залхаан цээрлүүлэх үйл ажиллагаа давхар явагдаж байдаг. Прокуроруудад хэргийг зөв талд нь шийдүүлэх, хүнийг өрөвдөн хайрлах ямар ч сэтгэл байхгүй. Үнэнийг бус мөнгийг нэгдүгээрт тавьдаг учраас айл гэрүүдийг үнэхээр зовоодог юм байна. Энэ үйл явдлыг зогсоох цаг аль эрт болсон. Монголын эрчүүд гудайгаад, айл гэр эзгүйрээд дууслаа шүү дээ. Энэ хүнтэй хамт амьдраад жаргал зовлонгоо хуваалцаад шүдээ зуугаад тэсэж үлдлээ. Зөв үнэний талд шийдэгдчих болов уу гээд арван жилийн турш хүлээлээ. Миний нөхөр хохирогч байж яллагдагч болоод 1.6 жил хоригдлоо шүү дээ. Бидэнтэй ижил нөхцөлд байгаа маш олон хүмүүс холбогдож байна. Суулт өлсгөлөнгийн хэлбэрт шилжихээс өмнө хариу ирнэ гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Хэрвээ шийдвэр гараагүй тохиолдолд нөхөртэйгөө хамтдаа өлсгөлөн зарлана. Өөр арга байхгүй” гэлээ.