Мандал даатгалын үйлчлүүлэгч ИРГЭН манай редакцид хандсан юм. Түүнтэй уулзаж үүсээд байгаа нөхцөл байдлыг тодрууллаа.
Даатгуулагч ИРГЭН: “2018 онд Мандал даатгалд автомашины жилийн даатгал хийлгэсэн. Энэ нь 20 сая хүртэлх, жилийн 543 мянган төгрөгийн хураамжтай. Эхний жил мөнгөө бүрэн төлөөд даатгалаа хийлгэсэн. Тэр жилдээ даатгалаас 145 мянган төгрөгийн нөхөн төлбөр авч байсан юм. Энэ гэрээ 2019 оны гуравдугаар сард дуусаад даатгалаа сунгуулах хүсэлт ирсэн.Одоохондоо боломжгүй байна, гэрээгээ дуусгая гэсэн чинь жилийн хураамжаа сараар хуваан төлөх боломжийг санал болгосон. Тухайн үедээ энэ саналыг хүлээн зөвшөөрч гэрээгээ сунгасан юм. Эхний долоон сарын хугацаанд хураамжаа цаг тухайд нь төлөөд 2019 оны сүүл 2020 оны эхээр сүүлийн гурван сарын төлөлтөө хийж чадаагүй. Яг энэ үед машинтай мөргөлдөөд нөхөн төлбөрийн бичиг баримтаа бүрдүүлж Мандал даатгалд өгсөн. Даатгалын хураамжаа төлөөгүй гэх шалтгаанаар миний нөхөн олговрыг олгоогүй. Гэтэл би 70 хувиа төлчихсөн шүү дээ. Тиймээс миний нөхөн төлбөрийг төлсөн хэмжээгээр нь хувилаад олгох боломжтой юу гэсэн хүсэлт тавьсан. Хугацаа хэтэрсэн учраас таны нөхөн олговрыг өгөхгүй гэж хэлэхээр нь үлдсэн 30 хувь буюу 159 мянган төгрөгөө төлөх шаардлагагүй юм байна, танайх надад нөхөн төлбөр өгөхгүй юм чинь гээд төлөөгүй орхисон. Тэр үйл явц 2019 оны гуравдугаар сард дууссан. Тэгсэн 2019 оны аравдугаар сараас эхлэн намайг даатгалын хураамжийн үлдэгдлээ төлөөгүй гэх шалтгаанаар шүүхэд өгсөн. Миний хувьд нийт хураамжийн 70 хувийг төлчхөөд байхад нөхөн төлбөр олгохгүй байгаад гомдолтой байна. Үлдэгдэл төлбөрөө төлсөн ч нөхөн төлбөр олгохгүй гэсэн. Миний хувьд хүнд зүгээр мөнгө өгмөөргүй байна. Мандал даатгалын зүгээс гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө зайлшгүй төлөхийг шаардаж байна. “Танай гэрээ чинь алдаатай байна, өөрсдөдөө ашигтай байдлаар хийсэн, хэрвээ хуваан төлөх нөхцөлийг санал болгосон л бол нөхөн төлбөр дээрээ ч уян хатан хандах хэрэгтэй” гэж шаардлага тавьсан. Гэтэл “Манай гэрээ Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан хууль ёсны гэрээ” гэсэн хариулт өгсөн. Миний зүгээс даатгуулагчийг хэт хохироосон ашгийн төлөө ажиллаж байна гэж үзэж байна. Шүүх хурал гуравдугаар сарын 10-нд товлогдсон” гэлээ.
Мандал даатгалын маркетингийн албаны ажилтнаас энэ талаар тодруулга авах гэсэн боловч “Харилцагч талаас асуудал байгаа учраас манай талаас харилцагчтайгаа асуудлаа шийднэ. Олон нийтэд ямар нэгэн мэдээлэл өгөхгүй” гэх тайлбарыг өглөө.