Бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиол хэмээн үнэлэгдсэн Оросын алдарт зохиолч Лэв Толстойн Анна Каренина өнөөдрөөс эхлэн дахин тайзнаа амилж үзэгчидтэй эргэн уулзах гэж байна.
Нэр алдрын оргилд хүрсэн энэхүү бүтээл 90 жилийн ойтойгоо золгож буй УДЭТ-ын тайзнаа 100 гаруй уран бүтээлчдийн хөлс хүчээр бүтэж өнгөрсөн намар нээлтээ хийн 28 удаагийн тоглолтоор 16 мянган үзэгчдэд хүрч үйлчилсэн энэ цаг үеийн эрэлттэй бүтээл билээ.
Хайрын сард тодруулбал эмэгтэйчүүдийн баярын өдрүүдээр ийнхүү дэлхийн сонгодог бүтээл драмын тайзнаас үзэгчидтэй уулзаж сэтгэлийг баясгаж оюуныг мялаахаар болжээ.
Цар тахлын улмаас тогтоогоод байсан хөл хорионы дараа театрынхан маань соёл урлагийн үйл ажиллагаа эргэн эхлүүлэхдээ Соёлын сайдын 21 оны А/20 тоот тушаалаар батлагдсан “Цар тахлын үеийн бэлэн байдлын зэргийн хугацаанд Соёл урлагийн байгууллагад халдвар хамгааллын дэглэм сахиулах, үйл ажиллагааны журам”-ыг чанд баримтлан бэлэн байдлын үеийн шар буюу 2-р зэргийн үеийн үйл ажиллагааны зохион байгуулалттай ажиллаж, халдвар хамгааллын бүх нөхцлийг бүрдүүлж өнөөдрөөс үүд хаалгаа нээхэд бэлэн болж байгааг дуулгахад таатай байна.
АННА КАРЕНИНА
Чамаас өөр тэврэн таалах юу ч үгүй
Чамаас өөр хэнийг ч мөрөөдөж чадахгүй
Өөрөөсөө ч хүртэл өөр болсон намайг
Өөрчилж чадах ямар ч хүч үгүй ээ….