“Rio Tinto” компани Австралийн уугуул иргэдийн ариун газар хэмээн үздэг, 46 мянган жилийн түүхтэй соёлын үнэт өвийг сүйтгэсний улмаас тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Саймон Томпсон үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдэв. 2018 оноос хойш “Рио Тинто”-г удирдаж буй тэрбээр ирэх 2022 онд дахин сонгогдохгүйг тус компани мэдэгдэлдээ дурджээ.
Саймон Томпсон “Би компанийн ТУЗ-ийн даргын хувьд гүнээ харамсаж байна. Алдаа дутагдлаа ухамсарлаж, хариуцлагаа хүлээх болно" гэж мэдэгдэлдээ хэлжээ.
Уул уурхайн олборлолтоороо дэлхийд хоёрдугаарт ордог “Рио Тинто” компани төмрийн хүдрийн уурхайгаа өргөжүүлэх зорилгоор Баруун Австралийн Жуукан хавцлын агуйг дэлбэлснээс хойш бараг нэг жилийн дараа Томпсон ийнхүү мэдэгдэл хийв.
Тухайн газар нутгийг хамгаалдаг Пууту Кунти Куррама, Пиникура нар агуйг хамгаалж, олон жилийн турш тэмцсэн билээ. Тус агуй нь нутгийн уугуул иргэдийн хувьд археологийн чухал ач холбогдолтой, соёлын үнэт өвд тооцогддог.
“Рио Тинто” өнгөрсөн оны зургадугаар сард уучлалт хүсч, Гүйцэтгэх захирал асан Жан Себастьян Жак болон бусад хоёр удирдах албан тушаалтны урамшууллыг хассанаа мэдэгдсэн. Гэвч нэг ч удирдах албан тушаалтан хариуцлага хүлээн огцроогүй нь нутгийн иргэдийн уур хилэнг бадрааж, тэдний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан билээ.
Хэдэн сарын дараа хөрөнгө оруулагчдын шахалтаар Жан Себастьян Жак огцрохоос өөр аргагүй байдалд оржээ. Оны эхээр түүнийг тус компанийн Санхүү хариуцсан захирал Якоб Стаушольм орлож байв. (“Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Жак огцорсон ч 2020 онд 18.6 сая орчим долларын цалин, урт хугацааны урамшуулал авсан нь илэрчээ).
Тус компанийн шинэ Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм ажлаа хүлээн авахдаа "Нутгийн иргэд, Засгийн газар болон бусад харилцагч талуудтай харилцан итгэлцсэн түншлэл бий болгоход анхаарна" гэж мэдэгджээ.
Дээрх мэдээллийн дараа Австралийн Хөрөнгийн биржид “Rio Tinto” компанийн хувьцааны ханш 1.78 хувиар өсч, 129.45 австрали доллар болжээ.