“Ноёд” группийн ерөнхий захирал Г.Буяндорж, түүний эхнэр МУГЖ Т.Ариунаа нар хүүхдүүдийн хамт прокурорын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.
Тэд 2011 оноос хойш шалгагдаж байгаа хэргийн улмаас гэр бүлээрээ сэтгэл санааны хохирол амссан тухай ярилаа.
Иргэн Г.Буяндорж “Намайг 2011 оноос хойш Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Гэтэл энэ хятад хүн 2014 онд Монгол Улсаас гарч явсан баримт байдаг. Гомдол гаргасан хүн нь БНХАУ-д амьдарч байхад би энд шалгагдаж явдаг.
Энэ хугацаанд эл хэрэгт холбогдох давхардсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болсон. Эцэст нь Дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Ду Шэнь биш байна гэж дүгнэсэн. Үүний дагуу 2020 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцалтад буцаасан. Өөрөөр хэлбэл хэрэг шалгалтын ажиллагаанд хяналт тавьсан прокуроруудын буруутай үйлдэл мөн гэж Дээд шүүх үзсэн гэсэн үг. Түүнчлэн коронавирусийн цар тахалтай, хил хаасан 2020 оны дөрөвдүгээр сард энэ Шан Ду Шэнь гэж хятад хүн гэнэт Монгол Улсад нэвтэрч, нэр бүхий дөрвөн өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд ирсэн. Өөрөөр хэлбэл энэ хүн Хятадаас Монголын прокуроруудыг утсаар удирдаж суусан.
Нийт 10 жилийн турш намайг хилс хэргээр гүтгэж, шалгаж буй энэ процессыг би ялгарал гэж үзэж байна. Энэ хүрээнд би УЕП Б.Жаргалсайханд гурван шаардлага хүргүүлж байна. Нэгдүгээрт 2011-2021 оны хооронд 10 жилийн турш хэргийг шалгасан нэр бүхий 5-6 прокуроруудад ёс зүйн хариуцлага хүлээлгэх. Хоёрдугаарт, нэр дурдагдсан хятад иргэнтэй холбоотой мөнгө угаасан хэрэг дээр ажлын хэсэг байгуулж, шалгах. Гуравдугаарт, өөрийг нь хохироосон нэр бүхий этгээдүүдтэй холбоотой залилангийн хэргийг шүүхэд шилжүүлэх. Эдгээр шаардлагад 72 цагийн дотор хариу өгөхгүй бол би Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өлсгөлөн зарлана.” гэлээ.
Түүний эхнэр МУГЖ Т.Ариунаа "Бид өнгөрсөн арван жил маш их зовлон бэрхшээлтэй хүнд амьдралыг туулсан. Доромжлогдож, гүтгэгдэж, хэлмэгдэж байсан. Айл гэрийн эхнэр, ээжийн хувьд цаашид тэвчих боломжгүй учраас хонгилын поркураруудын бүлэглэлийн эсрэг шударга ёсны дуу хоолойгоо хүргэж, ханьтайгаа нэгдэж байгаагаа мэдэгдэж байна. Миний хань арван жил шалгууллаа. Төрснөөс нь эхлээд бүхий л асуудлуудыг нь шалгасан. Одоог хүртэл шалгалт үргэлжилж байна. Ямар ч асуудал үнэний талд шийдэгддэггүй. Хуулийн байгууллагуудын буруутай үйлдлээс болж 2011 оноос миний хань нийтдээ таван удаа 409 хоног цагдан хоригдож, 16 удаагийн шүүх хурлаар шүүгдэж, хэлмэгдэн эрүүн шүлтэд орсон. Монгол төрийн нэрийн дор хамгаалагдаж байгаа луйварчид, хулгайчдаас хэзээ салах вэ? " гэв.