Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан коронавирусийн шинжилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шинжилгээний хариуг аль болох богино хугацаанд гаргадаг болно. Одоогоор дунджаар шинжилгээний хариу 24 цагийн дотор бүрэн гарч байгаа. Ирэх долоо хоногоос эхний ээлжинд шинэ арга, тестээр коронавирусийн шинжилгээг шүлснээс болон бусад хэлбэрээр авах түргэвчилсэн шийдлүүдийг нэвтрүүлэхээр холбогдох байгууллагууд ажиллаж байна. Энэ зүйлүүдийг нэвтрүүлж чадвал цаг хугацаа, зардал хэмнэнэ.
Иргэдэд аль болох шинжилгээний ажлыг ачаалалгүй байлгах тал дээр холбогдох байгууллагуудад чиглэлийг өгсөн" гэв.
“Дотоодод халдварын нөхцөл байдал хүндрэхгүй, цар тахлын үеийн дүрэм журмаа сахиж чадах юм бол тавдугаар сарын 1-нээс хил нээх асуудлын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Цаашид ачаа тээврийн хил нэвтрэлтийг сайжруулахад анхаарах хэрэгтэй байна” гэлээ.
Түүнчлэн Нийслэлд дөрөвдүгээр сарын 1-ээс өмнө сургууль, цэцэрлэг нээх үү гэсэн асуултанд хариулт өгөв.
Тэрбээр "Улаанбаатарт хичээл, сургууль хэзээнээс эхлэх нь тодорхойгүй байна. УОК, Засгийн газраар хэлэлцүүлж, салбарын яамны санал дүгнэлтийг сонсож байж эцсийн шийдвэрийг гаргана. Одоогоор бид шинэ дэглэм, дүрэм журмаар бүх салбарын үйл ажиллагааг зохицуулж байна. Шинэ дэглэмд сайн хэвшээгүй байгаа учраас шууд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлж, хүүхэд багачуудаа эрсдэлд оруулж болохгүй.
Тиймээс цаг үеийн нөхцөл байдлаа дүгнэж, ойрын хугацаанд зарим шийдвэрийг гаргана" гэлээ.