Монгол улсад коронавируст халдварын вакцинжуулалт хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн. Өнөөдөр ес дэх хоногтоо үргэлжилж байна. Гуравдугаар сарын 2-ний байдлаар буюу найм хоногийн хугацаанд 11.120 хүнийг вакцинжуулжээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2021 оны арваннэгдүгээр сар гэхэд хүн амынхаа 60 хувийг буюу хоёр сая гаруй иргэнээ хоёр тунгаар бүрэн вакцинжуулж дуусах төлөвлөгөөг танилцуулсан. Ингэхдээ вакцинжуулалтад хамрагдах шат дараалал, хүн амын эзлэх хувийг дараах байдлаар гаргасан.
Тэгвэл вакцинжуулалтын эхний найм хоногийн хурдаар энэ зорилтот хүрэх боломжгүй. Учир нь вакцинжуулалт эхэлсэн эхний найм хоногт 11120 хүнийг вакцинжуулсан. Энэ нь хоногт дунджаар 1390 хүнд вакцин хийж байна гэсэн үг. Манай улс нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах тооцоотой. Харин өнөөдрийн явж буй хурдаар тооцвол шаардлагатай хүн амаа вакцинжуулахад нийт 1439 хоног буюу ойролцоогоор ДӨРВӨН ЖИЛИЙН хугацаа шаардлагатай байна.
Гэвч Эрүүл мэндийн сайдын төлөвлөгөөний дагуу энэ оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд вакцинжуулалтыг дуусгах учиртай. Ингээд бодвол бидэнд ойролцоогоор 240 хоног үлджээ. Вакцин хийлгэх шаардлагатай 1.9 сая иргэнийг 240 хоногт багтаан вакцинжуулахын тулд өдөрт дунджаар 8202 хүнд вакцин хийх шаардлагатай юм.
Үүнийг зөвхөн нэг удаагийн тунгаар тооцоолсон бөгөөд хэрэв хүн бүр хоёр тунгаар вакцин хийлгэнэ гэвэл дээрх тоонууд хоёроор үржигдэж өдөрт дунджаар 16404 хүнд вакцин хийх хэрэгтэй болно.
ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцинд 11120 хүн хамрагдлаа. Тодруулбал, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, коронавирусийн хариу арга хэмжээнд оролцож байгаа мэргэжлийн болоод бусад салбарын хүмүүсийг хамруулсан. Одоо энэ ажлыг өргөжүүлэн бусад зорилтот бүлэг рүүгээ хийх ажлууд энэ долоо хоногоос өргөжөөд явж байна. Цар тахлын үед хүн хоорондын зай барих, вакцинжуулсны дараа тодорхой хугацаанд иргэдээ ажиглаж хянах цагуудтай байгаа учраас өдөрт 1000 гаран хүн вакцинд хамрагдаж байгаа. Цаашдаа вакцинжуулах хүн амын тоо нэмэгдэх тусам бид зохион байгуулалттайгаар дархлаажуулалтын нэгжүүдийг өргөтгөөд явна” гэдэг тайлбарыг өглөө.
Одоо байгаа вакцин нийтдээ 150 тун буюу 75 мянган хүнийг хоёр удаа хамруулж вакцинжуулах юм байна.
Дархлаажуулалтын ажилд Улаанбаатар хотын хэмжээнд 31 багийн 300 гаруй эмч, мэргэжилтэн ажиллаж байгаа аж. Төлөвлөлтийн дагуу цаашид тэлэхэд өрх болон бусад мэргэжилтнүүд бэлэн байгаа гэх тайлбарыг ЭМЯ-наас өгсөн.
Дэлхийн улс орнуудыг тарьсан вакцины тунгаар нь жагсаавал 100 хүнд ногдох тунгийн тоогоор Израил улс тэргүүлж байна. Тус улс хоёрдугаар сарын 28-ны байдлаар 100 хүн тутамд 93.5 тун вакцин хийн энгийн амьдралын горимд шилжин вакцинд хамрагдсан иргэд ногоон паспортаа хэдийнээ өвөртөлсөн.
Манай улс ирэх тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр ажиллаж байгаа. Олон улсад вакцинд бүрэн тунгаар хамрагдсан гэрчилгээ бүхий иргэдийг хилээр нэвтрүүлэх тухай эрчимтэй яригдаж байгаа. Хэрвээ Монгол Улсын коронавируст халдварын вакцинжуулалт энэ хурдаараа үргэлжилбэл хил давах иргэдийн тоо тийм ч олон байхгүй нь.
Дараа дараагийн вакцинууд орж ирэхээс өмнө одоо байгаа вакциныхаа эхний тунг эрэмбэлэгдсэн иргэддээ хийхгүй бол “Дайнаа ирэхээр дариа нухна” гэгчээр цагийг нь тулгаж хийдэг аядуу тайван зангаа цар тахлын үед хойш тавьж хүн хүч нь байгаа л юм бол шахуу хуваариар иргэдээ вакцинжуулж болохгүй гэж үү С.Энхболд сайд аа.