АНУ, Мексикийн хилийн ойролцоо жийп машин ачааны машинтай мөргөлдсөний улмаас 13 хүн нас барж, олон хүн гэмтэж бэртсэн талаар ВВС мэдээллээ.
Том оврын жийп машинд 8-9 хүн суух багтаамжтай. Гэсэн хэдий ч ноцтой осолд өртсөн жийп машинд 25 хүн зорчиж байжээ. Цагдаагийн байгууллагынхан ослын дүгнэлтийг “Жийп машин хайрга ачиж явсан ачааны машины зам руу хурдтайгаар шууд очиж, мөргөсөн” хэмээжээ. Тус ачааны машины жолоочийн биеийн байдал хүнд байгаа аж.
Ослын улмаас 12 хүн газар дээрээ амиа алдаж, мөн нэг хүн эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа шархаа даалгүй нас барсан байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр Калифорнийн хурдны замын эргүүлийн дарга Омар Уотсон "Машины даацыг хэтрүүлж олон хүн тээвэрлэж явсанд харамсалтай байна" хэмээжээ. Тэрээр ослын улмаас хэд, хэдэн зорчигч машинаас шидэгдсэн байсан тухай ярьжээ.
Хилийн харуулын албаны төлөөлөгч Макарио Мора ослын улмаас хохирогчдын цагаачлалын статусыг шалгаж байгаа гэсэн бөгөөд ослын улмаас амиа алдаж, гэмтэж бэртсэн хүмүүс хөдөө аж ахуйн гол бүс нутагт өвлийн ногоо хураах ажилд оролцдог фермийн ажилтнууд байх магадлалтай тухай хэлжээ.