Гадаад харилцааны яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын удирдлагуудын хамтарсан уулзалт өнөөдөр ГХЯ-нд зохион байгуулагдлаа. Тус уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ болон хоёр байгууллагын холбогдох газар, хэлтсийн удирдлагууд оролцлоо.
Уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй “Цахим үндэстэн” цогц арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, Гадаад харилцааны яамыг цахим үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia”-д нэгтгэх арга хэмжээ авах, хилийн чанадад байгаа монгол иргэдэд хүргэх боломжтой төрийн үйлчилгээний төрлийг тодорхой болгон хэрэгжүүлэх арга хэмжээний явцын талаар ярилцаж, цаашид хийх ажлын талаар тохиролцов.
Түүнчлэн “E-Mongolia” цонхоор дамжуулан төрийн үйлчилгээг гадаадад байгаа иргэдэд хүргэх ажлын хүрээнд монгол иргэдэд тоон гарын үсэг олгох үйл ажиллагааг хялбаршуулах, иргэдийг тоон гарын үсэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хамтран ажиллахаар болов.