Коронавирус илэрч, хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнөөр эмнэлгийн ариутгал, цэвэрлэгээ хийлгэсэн тохиолдол гарчээ. Энэ талаар манай сайтад нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн юм.
Түүний ойрын хүнээс коронавирус илэрсэн ба долоон удаагийн шинжилгээгээр хариу нь эерэг гарчээ. Ингэхдээ шинжилгээний хариуг анх мэдээлэхдээ сөрөг гэж хэлсэн ба дараагийн удаа ХӨСҮТ-ээс эерэг гарсан гэж хэвтэн эмчлүүлэх болсон байна.
Нэрээ нууцалсан эх сурвалж: Манай ойрын хамаатны хүн Баянзүрх дүүргийн эмнэлэгт ажилладаг юм. Амгалан амаржих газарт ажилладаг нэг эмэгтэйгээс коронавирус илэрсэний дараагаар түүний нөхрөөс мөн коронавирус илэрсэн. Нөхөр нь тухайн үед Баянзүрх дүүргийн эмнэлэгт ажилладаг байснаар тус эмнэлэгт 6-7 хүн Ковид-19 тусч хэвтэн эмчлүүлж байна.
Би өмнө нь хэлсэн миний ойрын хүн халдвар авсан. Тэдгээр хүмүүсийн эмчилгээ нь одоо үргэлжилж байгаа. Эхнээс нь тайлбарлахад анх шинжилгээний хариу гарахад сөрөг гэж утсанд нь мэдээлэл ирсэн. Гэтэл өдөр нь ХӨСҮТ-өөс залгаж, таны шинжилгээний хариу эерэг гарсан байна гэсэн. Үүнийг тодруулан асуухад программын алдаа гарсан гэж тайлбарласан. Энэ талаар цааш нь өөр газар руу холбогдон лавлахад манай программд алдаа гараагүй. Манайхаас шалтгаасан зүйл биш ХӨСҮТ-ийн алдаа байсан гэх мэтээр бие бие рүүгээ түлхэж байсан. Хоёрдугаарт хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлэгт асрагч гэж хүн ажилладаггүй юм шиг байна. Цэвэрлэгээ огт хийдэггүй. Бок, белизна өгөөд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээр цэвэрлэгээ хийлгэдэг байх жишээний.
– Хаана хэвтэн эмчлүүлж байгаа вэ?
Яармагт байрладаг 300 хүний ортой шинэ төрөх эмнэлэг.
Үүнээс гадна хэвлэл мэдээллээр 2 сая төгрөгийн эмчилгээг коронавирус туссан нэг хүнд хийж байгаа гэх мэдээлэл яваад байна. Миний бодлоор энэ худлаа мэдээлэл. Үнэндээ тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст Аспирин, Витамин С зэрэг эм бэлдмэлүүдээр үйлчилж байгааг ойрын хүмүүсээсээ мэдлээ. Би өөрөө эрсдэлээс хамгаалахын тулд эмийн сангаас авахад нийтдээ 69 мянган төгрөг болсон.