Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "22 нэгжээр 9531 хүнийг вакцинд хамрууллаа. Вакцинд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, Ковид19-ийн эсрэг хариу арга хэмжээнд оролцож байгаа багийн гишүүд болон вакцинжуулах ажиллагаанд дайчлагдан ажиллаж байгаа бусад мэргэжлийн хүмүүс хамрагдсан.
Вакцины заавар дээр байгаа хариу урвалууд вакцинд хамрагдсан хүмүүст илэрч байна. Вакцинд хамрагдсан хүмүүсийн 50-60 хувьд нь хариу урвал илрэхээр байгаа. Манай улсын хувьд вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 орчим хувьд хариу урвал халуурах, толгой өвдөх, бие жихүүцэх, вакцин хийлгэсэн хэсэгт хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Эдгээр шинж тэмдэг 2-3 хоногт арилж байгаа. Одоогоор вакцины дараах ноцтой хүндрэл, урвал илрээгүй" гэв.
Мэдээллийн дараа холбогдох албаныхан сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Манай улс долоо хоногт 8000 гаруй хүнийг вакцинжуулсан байна. Бусад улстай харьцуулахад вакцинжуулалт удаашралтай байна. Шалтгаан нь юу вэ?
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма –Нийслэлд төлөвлөгөөний дагуу дархлаажуулалтыг зохион байгуулж байна. Гуравдугаар сарын 1-ний байдлаар нийт 1700 хүн хамрагдсан байна. Хүн хоорондын зай барих, эмчийн үзлэг хийх, вакцин хийлгэсний дараа 30 минут хяналтад байлгаж байгаа.
-Жирэмсэн, төрөх эмэгтэйчүүдийг 72 цагийн дотор шинжилгээ өгсөн байхыг шаардсан байна. Төрөх эмнэлгүүд өөрсдөө шинжилгээ хийж болдоггүй юм уу?
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа -Төрөх эхчүүдийн шинжилгээг эмнэлгүүд хийж байгаа. Төрөх болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд дээр Ковид-19 халдварын шинжилгээ хийж байгаа.