Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцалж, шинэ зохицуулалт хийхээр тохиролцоонд хүрсэн талаар Nikkei Asia мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газраас “Оюу толгой” ХХК-ийн Зэсийн үйлдвэрийн гүний өргөжүүлэлтийг бүтээн байгуулах зорилгоор “Рио Тинто” групптэй 2015 онд “Дубайн гэрээ”-г байгуулсан. Тэгвэл энэ гэрээг монголын талд ашиггүй гэж үзэж, цуцлах саналаа Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сарын 4-нд “Рио Тинто” групп руу илгээсэн ба үүнээс хойш хоёр сарын турш талууд дээрх асуудлыг хэлэлцэж, “Оюу толгой” ХХК-тай холбоотой санхүүжилтийг шинэ гэрээгээр зохицуулах болсон аж.
Өмнө нь “Оюу толгой ХХК”-ийн ТУЗ-ын дарга Э.Баясгалан "Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд цаашид гүний уурхайн бүтээн байгуулалтын өртөг нэмэгдвэл яах вэ гэсэн зохицуулалт байхгүй. Тиймээс нэмэлт өөрчлөлт оруулах бус шинэ гэрээ байгуулахыг хэрэгтэй" хэмээн мэдээлж байжээ.