“Ковид-19” цар тахал дотоодод алдагдсаны улмаас Нийслэл хот руу орох болон гарах хөдөлгөөнийг хязгаарласан байсан. Харин өнөөдөр буюу гуравдугаар сарын 1-ээс орон нутгийн замыг нээж эхэлсэн юм. Орон нутгийн замыг нээсэн хэдий ч иргэн бүр хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ сахих шаардлагатайг сануулж байгаа билээ. Түүнчлэн PCR шинжилгээнд хамрагдах шаардлага УОК-оос тавьсан. Үүний дагуу иргэд PCR шинжилгээндээ хамрагдаж эхэлсэн боловч хүндрэл үүсч эхэлжээ. Энэ талаар Хан-Уул дүүргийн шинжилгээ авах цэг болох 34-р сургууль дээрээс сурвалжиллаа.
Иргэд PCR шинжилгээнд хамрагдахын тулд цахимаар цаг авах шаардлагыг тавьжээ. Гэвч энэ сарын 5-н хүртэл шинжилгээ өгөх цаг дууссан гэх мэдээллийг иргэд өгч байв. Үүний улмаас оочер дараалал үүсч иргэдэд чирэгдэл учруулж эхэлсэн байна.
Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар PCR шинжилгээнд хамруулж буй бүртгэлийн ажилтнаас тодруулахад “Оочер дараалал ихэссэний улмаас маш их хүндрэл үүсч байна. Бидний зүгээс цаг захиалгын дагуу үйлчилгээ үзүүлж байгаа. Эдгээр хүмүүс нь цаг аваагүй ирсэн учраас оочер дараалал үүсгэж хүндрэл учруулаад байна. Бид цаанаас ирсэн тушаалын дагуу зөвхөн цаг захиалсан хүмүүсээ авч байгаа” гэх тайлбар өглөө.
Иргэд ярьж байна:
“Энд ирээд 20 орчим минут оочерлоллоо. Жирэмсэн болохоор удаан оочерлохгүй ороод ирлээ. Шинжилгээ өгөх цаг авах гэсэн боловч цаг дууссан байсан. Төрөх эмнэлэгт очсон чинь заавал 72 цагийн PCR шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай гэж хэлсэн. Шинжилгээний хариу байгаа тохиолдолд төрүүлэх юм билээ. Би удахгүй төрөх гэж байхад нэг бол хяналтдаа үзүүл эсвэл төрөх эмнэлэгтээ оч гэх мэтээр олон тийш их явуулдаг энэ бүгд надад хэцүү байна. Үүнээс болж маш их стресстээд учраа олохгүй явна.”
“УОК нэг юм хэлнэ. Шинжилгээ авч байгаа хүмүүс нь бас нэг өөр юм хэлнэ. УОК-оос асуухад цаг авах шаардлагагүй очоод шууд өгөх боломжтой гэж хэлсэн. Хоорондоо ямар ч холбоогүй шийдвэрүүд гаргаж байна. Би Эрдэнэт хот руу явах гэж байгаа учраас шинжилгээ өгөх шаардлагатай байна”
“Энэ долоо хоногийн тав дахь хүртэл цаг байхгүй байна. Орон нутаг руу явах хүмүүст хүндрэлтэй болж эхэллээ. Би Булган руу зорчих гэж байгаа. Цагаар шинжилгээ өгнө гэвэл энэ долоо хоногт нутаг руугаа явж амжихгүй боллоо”
“Анхнаасаа шинжилгээ авах цэгүүдээ нэмсэн бол ийм зүйл болохгүй байлаа. Өглөөнөөс хойш оочерлож байна. Цаг авсан хүмүүсээ асуудалгүй оруулаад, цаггүй хүмүүсээ яах нь мэдэгдэхгүй энд удаан зогсоосноос болоод ийм замбараагүй байдал үүсч байна” гэлээ.
Иргэдээс PCR шинжилгээ авах цэгүүд цөөн байгаа нь ачааллыг нэмэгдүүлж, иргэдэд хүндрэл учруулаад байна.