Мьянмарын цэргийнхэн Засгийн эрхийг авснаас хойш тус улсад төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилсээр байна. Жагсагчид болон цагдаа нарын хооронд удаа дараа мөргөлдөөн гарсаар байгаа ба хүчнийхэн нулимс асгаруулагч, флаш гранат, резинен сум ашиглажээ.
Мьянмарын цагдаа нар жагсагчдыг буудаж 18 хүний аминд хүрсэн гэж НҮБ-ын хүний эрхийн албан тушаалтан мэдээлжээ.
Янгон, Давей, Мандалай зэрэг хэд хэдэн хотод цагдаа нар шууд буудан нулимс асгаруулагч хий хэрэглэснээс болж жагсагчид нас барсан гэж ВВС мэдээллээ.
Аюулгүй байдлын хүчнүүд өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ний цэргийн эрхийг авахыг эсэргүүцсэн олон долоо хоногийн тайван жагсаал хийсний дараа өнгөрсөн бямба гарагт ийнхүү хүчирхийллийг эхлүүлэв.
Өчигдөр Янгон хотын гудамжид 10 мянга орчим хүн оролцсон тайван жагсаалын үеэр цагдаа нар нулимс асгаруулагч шидсэн ба нэгэн залуу бичлэг хийж цахим орчин тавьжээ.
Цус болсон нэгэндээ тусалж буй жагсагчдын дунд байсан тэрээр "Өглөөний 9 цагийн үед бидэн рүү нулимс асгаруулагч шидэж эхэлсэн. Бүгд өөр зүгт зугтан, сандарцгааж байна. Юу хийхээ мэдэхгүй байгаа ч эндээ хэсэг хүлээнэ. Энд үнэхээр аймшигтай байна" гэжээ.
Мьянмарын төрийн мэдлийн MRTV телевизийн мэдээлснээр өчигдөр болсон жагсаалын үеэр 470 гаруй хүнийг баривчилжээ.
Цагдаагийнхан хүч хэрэглэх нь ихэссэн тул мөргөлдөөнд хохирох жагсагчдын тоо нэмэгдсээр байна. Жагсагчдын хэлснээр цагдаа нар анхааруулга ч өгөлгүй резинен сумаар буудаж эхэлсэн бөгөөд жагсаалыг тараахаар ийнхүү хүч нэмэгдүүлэх болжээ.