ОХУ-ын Спутник-V вакцины эхний ээлжийн 10 мянган тунг Монгол Улсад авчирлаа.
Вакциныг Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоцоор авчирсан бөгөөд дараагийн ээлжний 10 мянган тун вакцин гуравдугаар сарын эхний долоо хоногт ирэхээр төлөвлөжээ. Засгийн газрын захиалгаар ОХУ-ийн Спутник V вакцины 20 мянган тунг хүлээж авах юм.
Вакцин хүлээж авах ажилд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ОХУ-аас Монгол улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викторович нар оролцлоо. ОХУ-ын Н.Ф.Гамалейн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан Спутник V вакциныг манай улс яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгосон байгаа юм байна.
ДЭМБ-аас “СпутникV” вакциныг бүртгэж авах бэлтгэл ажил хангагдаж байгаа төдийгүй 3 сард багтаан бүртгэж авахаар төлөвлөж байна.
Спутник-V вакцинаар дэлхийн 40 гаруй улс орон иргэдээ вакцинжуулахаар бүртгэн авч төлөвлөсөн бөгөөд тус вакцины дархлаа тогтоох чанар нь 92 хувийн үр дүнтэй байгааг судлаачид тогтоосон гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.