Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нарантуул" худалдааны төв дээр худалдаа эрхлэгчидтэй уулзаж байна.
Нарантуул зах дээр худалдаа эрхлэгчид валютын ханш нөлөөлж байгааг онцлон орон нутгийн хөдөлгөөнийг нээн нийтийн тээврийн асуудлыг зохицуулах хэрэгтэй байгааг дуулгалаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавдугаар сарын 1-нээс хилээ нээх бодлогыг барьж байгаа” дуулгалаа. Мөн тэрээр цар тахал намжаагүй энэ үед аль болох хөл хорио дахин тогтоохгүйн төлөө ажиллах учраас худалдаа эрхлэгчдийг амны хаалтаа зүүн, хүн хоорондын зай барин халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн ажиллахыг хүслээ.
Гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатай зээлийг худалдаачид авахаар банкин дээр очсон ч боломжгүй гэж хэлсэн талаар хэллээ. Энэ үеэр Ерөнхий сайд "Би ирэх долоо хоногт банкны салбарынхантай уулзана. Тэр үед энэ асуудлаар ярина" гэлээ.
Ам.доллар, юаны ханшийн өсөлтөд анхаарах, жижиг бизнес эрхлэгчдэд барьцаагүй зээл олгохыг бодлогоор дэмжих, ялангуяа Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд туссан, гурван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтээ илэрхийлж байв. Худалдаа эрхлэгчдийн тавьсан санал, хүсэлтийг үе шаттай шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ Ерөнхий сайд хэллээ.
“Нарантуул” олон улсын худалдааны төвд 8000 орчим иргэн худалдаа эрхэлдэг бөгөөд өдөрт 100-150 мянган хүн үйлчлүүлдэг аж.