Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, цахим бүртгэлд С.Эрдэнийн намын даргын бүртгэлийг сэргээлгэх, цахим бүртгэлд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэх хүсэлтүүдийг Дээд шүүх хэлэлцэж, шийдвэр гаргасан. Улсын дээд шүүхийн шийдвэрээр Ардчилсан намын даргаар С.Эрдэнийг бүртгэхээс, тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг бүртгэхээс татгалзсан. Тодруулбал, Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан Улсын Дээд шүүхийн 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 04 тоот тогтоолд заасан зөрчил арилаагүй үндэслэлээр үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс, цахим бүртгэлд С.Эрдэнийн намын даргын бүртгэлийг сэргээлгэх, цахим бүртгэлд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэхээр ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, тус тус бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Тиймээс одоогийн зохицуулалтаар АН-ын жинхэнэ дарга нь хэн байх, хэнийх нь гаргасан шийдвэр эрх зүйн хувьд хүчинтэй байх вэ гэдэг асуудал тодорхойгүй болж байна. Гэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлээр АН-ын дарга С.Эрдэнэ хэвээрээ.