Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Монгол Улсад хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн онцгой байдлын өндөржүүлсэн бэлэн байдлыг бууруулж нийт иргэдээ вакцинжуулах ажлыг эхлээд байгаа юм.
Эхний ээлжинд нийслэлийн хэмжээнд халдварын голомтод ажиллаж буй эмч мэргэжилтнүүдээ дархлаажуулж байгаа ба өнөөдрийн байдлаар нийт 56 мянган эмч, мэргэжилтнүүдээс 4926 вакцинд хамрагджээ.
"Вакцин хийлгэхэд дор хаяж нэг хүнд 30-45 минутын турш гурван үе шаттайгаар дархлаажуулалтыг хийж байгаа учир бага зэргийн удааширалтай байгаа. Вакцинд хамрагдсан хүмүүсээс урвал илрэх тохиолдол бий. Үүнд халуурах, толгой өвдөх, үе мөч өвдөх, бие арзайх, сульдах болон 38-аас дээш гурав хоногийн турш халуурах тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай" гэж ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээллээ.
Дэлхий дахинд коронавирусний эсрэг 260 гаруй вакцины хөгжүүлэлт явагдаж байгаагаас өнөөдрийн хувьд зургаан вакциныг хэрэглэж байгаа. Файзер, Астразенека, Спутник-V, Синофарм зэрэг зургаан вакцин хэрэглэж байсан бол өчигдөрийн хувьд АНУ-ын адиновируст суурилсан шинэ вакцин хэрэглээнд нэвтэрсэн байна.