Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийлээ. Уулзалтад БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээврийн сайд Л.Халтар, Соёлын сайд Ч.Номин, Гадаад харилцааны сайд С.Батцэцэг болон холбогдох албаны хүмүүс оролцож аялал жуулчлалын салбарын талаар мэдээлэл сонсож, оролцогчдын сонирхсон асуултад хариулж, тайлбар өгөв.
Уулзалтын эхэнд Аялал жуулчлалын салбарынхан өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвлөгөө, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарцынхаа талаар чиглэл бүрээр нэгтгэсэн товч танилцуулгуудыг хийв.
КОВИД19 халдварт цар тахлын хамгийн том хохирогч нь Монголын төдийгүй дэлхийн улс орнуудын аялал жуулчлалын салбар гэдгийг уулзалтад оролцогч талууд дуу нэгтэй зөвшөөрөв. Тус салбарын нэгтгэсэн тоон мэдээллүүд ч үүнийг нотлон харуулж байв. Иймд хэрхэн тус салбарыг богино хугацаанд хөл дээр нь босгож, үйл ажиллагааг шинэ менежмент, шинэ зохион байгуулалт, алсын хараатай хөгжүүлэх вэ гэдгийг ярилцахаар Ерөнхий сайдын санаачлагаар тус уулзалтыг зохион байгуулж буй нь цаг үеэ мэдэрсэн, өгөөжтэй чухал уулзалт ярилцлага болж байна гэдгийг аялал жуулчлалын салбарынхан онцолсон.
Засгийн газар улс, орноо хөгжүүлэх тэргүүлэх зургаан чиглэлийн нэгээр аялал жуулчлалын салбарыг тодорхойлж харж буй. Шинэ бодлогоор, шинэ арга барилаар, шинэ хуудас нээж ажиллана. Үүний тулд салбар дахь асуудлаа ярилцаад маш тодорхой төлөвлөж Засгийн газар, УИХ-аас шийдвэрлүүлэх жагсаалтаа гаргаж авах нь зөв гэдгээ Ерөнхий сайд онцлоод салбарынхны мэдээллийг сонссон.
КОВИД19-ийн халдварт цар тахлын нөлөөнөөс үүдэн аялал жуулчлалын салбар урт хугацаандаа нийт 13-17 сар сул зогссоноор 2300 гаруй аж ахуйн нэгжийн 88,700 ажлын байрны 95 хувь цалин орлогогүй болсон. 2019 онд 1,6 их наяд төгрөгийн орлого олж, ДНБ-ний 7,2 хувийг эзлэх мөнгөний урсгал эргэлдэж байсан ч 2020 онд салбарын орлого 65,8 хувиар, тэр дотроо тур оператор компаниудын борлуулалт 97,6 хувь хүртэл буурчээ.
Энэ мэтчилэн аялал жуулчлалын салбар их хэмжээний хохирол амсжээ. Гэхдээ Монгол Улсад дархлаажуулалт эхэлж, халдварын голомтуудыг хумьж чадсантай холбоотойгоор аялал жуулчлал удахгүй сэргэх итгэл байгаа тул салбарын 14 ТББ-ын төлөөллийн 300 гаруй саналд үндэслэн ойрын хугацаанд;
Хил нээх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, иргэний нисэхийн багтаамжийг нэмэгдүүлэх, маркетинг үйлчилгээ, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд төр хамтран дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэсэн юм. Урт хугацаандаа дэлхийн зах зээлд чиглэсэн Монголын аялал жуулчлалын таван кластер хөгжлийн төв бий болгон ажиллах зураглалыг ч мөн танилцуулсан.