ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэлийн вакцины талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
БНХАУ-аас 300 мянган тун Синофарм вакциныг хандивласан. ДЭМБ бүртгэж аваагүй байгаа тус вакциныг манай улс хэрэглэх эсэх талаар тэрээр "Дархлаажуулалтыг манай улс хуулийн дагуу хийж байна. Синофарм үйлдвэр дэлхий дахинд вакцин үйлдвэрлэлээрээ дээгүүрт үнэлэгддэг бөгөөд олон вакциныг нь манай улс хэрэглэдэг. Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу тухайн орны болон өөрийн орны албан ёсны үйлдвэрлэлийн зөвшөөрөлтэйгөөр вакцин хийж болно. Синофарм вакцин БНХАУ-д бүртгэлтэй учраас бид хэрэглэхэд хуульд харшлах зүйлгүй.
Халдварын нөхцөл байдалтай холбоотойгоогоор вакцинуудыг маш богино хугацаанд бүртгэгдсэн гэдгийг иргэд мэдэж байгаа байх. Манай улс ч ДЭМБ-ын яаралтай горимоор бүртгэсэн вакциныг хэрэглэж байна. ДЭМБ гуравдугаар сарын эхээр Синофарм вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгоно гэсэн мэдээлэл бий. Синофарм вакцины үр дүнд эргэлзэх хэрэггүй гэж бодож байна" гэлээ.
Тус вакцины хувьд одоогийн байдлаар ДЭМБ-аас зөвшөөрлөө аваагүй байгаа бөгөөд баталгаажмагц манай улс ашиглана гэдгийг УОК-оос мэдээлсэн юм.