2021 оны тавдугаар сарын 1-нээс вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд хилээ нээх асуудлыг судалж байгаа талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарынхантай хийж буй уулзалтын үеэр хэллээ.
Тэрбээр “Тавдугаар сарын 1-нээс хил нээх эсэх нь хоёр зүйлээс шалтгаална. Вирусийн халдвар гэдэг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй учраас хүндрэл их байна. Бид халдвар хамгааллын дэглэмийг сайтар барьж энэ хугацаанд хүн амын 50-иас дээш хувийг вакцинжуулж чадвал хил нээх боломжтой гэж үзэж байна. Ямартай ч бид асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулна” гэлээ.
Түүнчлэн "Коронавирусний цар тахалд нэрвэгдсэн ч аялал жуулчлалын салбараа хэрхэн сэргээх, жуулчдыг хэрхэн татах, вакцинжуулсан иргэдэд хилээ нээх, олон улсын худалдаа гэрээ хэлэлцээр гэх мэт дипломат ажлыг илүү хөнгөвчлөх гэх мэт зүйлсийг ярилцан төлөвлөгөөг илүү тодорхой болгохоор ажиллаж байна. Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож цар тахлыг сөрсөн арга барилаар ажиллахыг уриалж байна" гэж мөн мэдээллээ.