Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч Ковид-19 халдварын эсрэг “Астразенека” вакцинд хамрагдлаа.
Харин Монгол Улсын Батлан хамгаалах яаманд БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламжаар хандивласан 100 мянган тун вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсний дараа алба хаагчдынхаа хүсэлтийг харгалзан вакцинжуулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэлээ.
Энэ сарын 23-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдээ уриалж “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийлгэснээр Монгол Улсад үе шаттай вакцинжуулалт албан ёсоор эхэлсэн.
Манай улс ард иргэдээ Германы Pfizer-BioNTech, Оксфордын АстраЗэнэка, Хятадын Синофарм, Оросын Спутник-5 вакцинуудаар дархлаажуулахаар төлөвлөсөн. Үүнээс хамгийн түрүүнд Энэтхэгийн тусламжаар орж ирсэн АстраЗэнэка вакцинаар эхний ээлжийн вакцинжуулалтыг эхлүүлээд байна.
Мөн БНХАУ-аас хандивласан 300 мянган тун Синофарм группийн үйлдвэрлэсэн вакцинаар ДЭМБ-аас зөвшөөрөл олгогдсоны дараа иргэдээ дархлаажуулах юм. Харин ОХУ-ын вакциныг хараахан оруулж ирээгүй байгаа бөгөөд тус вакцинд одоогоор ДЭМБ мөн зөвшөөрөл олгоогүй байна.