Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын аян Бразилд нэгдүгээр сарын 18-нд эхэлсэн юм. Харин Бразилын "Бахиа" мужийн нэгэн иргэн коронавирусын вакцины эхний тунг хийлгэж, хоёр дахь тунг хийлгэхээс өмнө халдвар авсан тухай "Globo" телевиз мэдээллээ.
Махия Анжелика де Зарвальо Собриньо гэх 53 настай эмэгтэй эрүүл мэндийн ажилтан учраас эхний ээлжид вакцинд хамрагдах хүмүүсийн тоонд орсон байна. Түүнд “Sinovac Biotech” компанийн “Coronavac” вакцины эхний тунг хийлгэсэн байсан юм. Тэрээр вакцины хоёр дахь тунг хоёрдугаар сарын 16-нд хийх байсан боловч биеийн байдал нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор түүний биеийн байдал хэвийн сайн байгаа аж.
Бразилд явуулсан судалгаагаар “Coronavac” вакцин 50,38 хувийн үр дүн үзүүлдэг ба хоёр дахь тунг хийлгэснээс 20 хоногийн дараа хамгаалах чадвар нь нэмэгддэг байна.
Бразил улс хүн амаа дархлаажуулахад “Sinovac Biotech”, “AstraZeneca” компанийн вакциныг хэрэглэж байгаа юм. Одоогийн байдлаар хүн амынх нь 2.83 хувь буюу 6 сая хүн вакцины эхний тунг хийлгэсэн бол 1.7 сая хүн (0.6 хувь) хоёр тунг хоёуланг нь тариулсан байгаа юм.