Ковид19 халдварын эсрэг "Johnson and Johnson" компаний бүтээн хөгжүүлсэн уг бэлдмэл АНУ-д хүлээн зөвшөөрөгдсөн гурав дахь вакцин болж байгааг ВВС мэдээллээ. Анагаахын мэргэжилтнүүдийн дүгнэлтээр уг вакцин хүний биед аюулгүй, дархлаа тогтоох чадвартай нь тул АНУ-ын Эм, хүнсний хяналтын алба (FDA) ойрын хоногт зөвшөөрөл олгох төлөвтэй байна.
"Johnson and Johnson"-ны вакцин нэг тунгаар дархлаа тогтоохоос гадна Pfizer, Modernа-гийн бүтээгдэхүүнээс илүү хямд бас энгийн хөргөгчинд хадгалах боломжтой ажээ.
Компани өнгөрсөн хугацаанд АНУ, Өмнөд Африк, Бразилд явуулсан туршилтын үр дүнгээс харахад шинэ вакцин нь дархлаа тогтоох чадвар өндөр боловч мутацлагдсан шинэ хувилбаруудын эсрэг үйлчлэл харьцангуй багатай нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл ердийн тархалттай бүс нутагт өвчнөөс урьдчилан сэргийлэх 85% -иас дээш үр дүн харуулсан боловч коронавирусийн шинэ омгоор халдварласан газруудад 66%-ийн үзүүлэлттэй гарсан аж. Гэхдээ вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд 28 хоногийн хугацаанд нас баралт болон өвчин ноцтой хүндэрч эмнэлэгт хэвтсэн тохиолдол гараагүй байна.
Яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олговол ирэх долоо хоногт гурван сая тун вакцин нийлүүлэх боломжтойгоо Johnson & Johnson компани мэдэгджээ. Харин зургаадугаар сарын эцэс гэхэд АНУ-д нийтдээ 100 сая тунг нийлүүлэх гэрээтэй юм.