БНХАУ-ын Ухань хотод анх бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусын халдвар дэлхий нийтэд тархаад жил гаруй хугацаа өнгөрч байна.
Коронавирус дэлхий дахинд тархсантай холбоотой улс орнууд ард иргэдээ халдварт тахлаас хамгаалж урьдчилан сэргийлэхийн тулд вакцинжуулалтын аяныг өрнүүлээд байгаа. Одоогоор 13 орон вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлээд байгаа. Энэхүү дархлаажуулалтын аянд 9 сая гаруй хүн амтай Израиль улс нийт хүн амынхаа 78 хувийг вакцинжуулж дэлхий нийтийг вакцинжуулалтын хөтөлбөрөөр тэргүүлж улсынхаа хөл хориог цуцлаад байна.
Манай улсын Засгийн газрын хуралдаанаар цар тахлын эсрэг вакцин худалдан авах шийдвэрийг гаргасан билээ. Тэгвэл эхний ээлжийн вакцин 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн халдварын голомтод ажиллаж байгаа Онцгой байдал, Цагдаа болон хувийн хэвшлийн болон улсын эрүүл мэндийн салбарын нийт ажилтнуудад хийгдэхээр болсон юм.
Бид иргэдээс вакцины талаар ямар байр суурьтай байгаа болон хир их мэдээлэлтэй байгааг асууж тодрууллаа. Вакцины талаарх иргэдийн яриаг хүргэж байна.
"Хийлгэнэ. Дэмжиж байгаа. Өөрийгөө болон гэр бүл, найз нөхөд, таньдаг хүмүүсээ хамгаалж байна гэсэн үг. Өвчнөөс вакцин хамгаална"
"Вакцинаа хийлгэчихвэл хэвийн, хуучин амьдралдаа орох байх гэж бодож байгаа. Энэ муухай өвчнөөс холдох байх, дандаа ийм байхгүй байх гэж бодож байна. Би вакцин хийлгэхийг дэмжиж байгаа"
"Зүгээр. Дэлхий даяар хэрэглэж байгаа вакциныг зөв гэж бодож байна. Хүмүүс янз янзын ойлголттой байна зарим нь хийлгээд сөрөг үр дагавар гарч байна. Зарим нь бие муудлаа гэж байна. Би хийлгэх нь зөв гэж бодож байна. Вакцин хийлгэнэ. Вакцины талаарх мэдээллийг цахим орчноос уншиж байна. Ямар вакцин хийлгэхээ сайн мэдэхгүй байна. Монголд орж ирэх дөрвөн вакцин бүгд л судалгаа шинжилгээний үндсэн дээр орж ирж байгаа"
"Хөл хориог тавиад хавтгайрчихлаа. Вакцин хийлгэж авахгүй бол болохгүй гэж бодож байна. Хоёрдугаарт өөрийнхөө эрүүл мэндийг сайн сахиж вакциндаа хамрагдан, маскаа сайн зүүж, гараа ариутгах хэрэгтэй. Байж байгаад хөл хориод байхаар хэцүү байна. Эдийн засгийн хувьд хүнд л юм байна"
Үндсэндээ вакцин хийлгэхгүй гэж бодож байгаа. Хамгийн нэгдүгээрт эмнэлэг, цагдаа, төрийн байгууллагынханд л хийх хэрэгтэй байх.
"Хийлгэсэн нь дээр. Өвдөөд байвал хэцүү. Шинжлэх ухаантайгаа хөл нийлүүлээд алхсан нь дээр гэж бодож байна"
"Олон нийтийг дагах байх. Би өөрөө хийлгэнэ гэж бодохгүй байгаа. Вакцины талаар сайн мэдээлэлгүй байгаа"
"Хийлгэнэ гэж бодож байгаа. Эрүүл мэндээ хамгаалж байна, хэвийн амьдралдаа орно гэж бодож байна. Улс орон хэцүү байна. Хувийн хэвшлийн бид ямар ч орлогогүй хэцүү байдалтай байна. Эрүүл мэндээ хамгаалахын тулд вакцин хийлгэнэ гэж бодож байгаа"
"Одоохондоо вакцин хийлгэнэ гэж бодохгүй байна. Яагаад гэхээр вакцины янз янзын зөрүүдтэй мэдээлэл байгаад байна. Спутник вакциныг урдаас орж ирж байна гэж яриад байгаа. Бодож байж шийднэ"