Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай уулзаж байна.
Тэрээр "Өнөөдрийн уулзалтаар цар тахалд нэрвэгдсэн ч аялал жуулчлалын салбараа хэрхэн сэргээх, жуулчдыг хэрхэн татах, вакцинжуулсан иргэдэд хилээ нээх, олон улсын худалдаа гэрээ хэлэлцээр гэх мэт дипломат ажлыг илүү хөнгөвчлөх гэх мэт зүйлсийг ярилцан төлөвлөгөөг илүү тодорхой болгох болно.
Шинэ, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож цар тахлыг сөрсөн арга барилаар ажиллахыг уриалж байна" гэлээ.
Аялал жуулчлалын 15 ТББ нийлж салбарынхаа ААН, ойр ажилладаг хүмүүсийг хамарсан санал асуулга явуулж 300 гаруй саналыг цуглуулжээ. Түүнээс голлох сэдэв, саналыг өнөөдөр хэлэлцүүлж байгаа аж.
2019 онд: Монголын аялал жуулчлалын салбар 607 сая ам.долларыг авчиржээ. Энэ нь манай ДНБ-ний 7,2 хувийг эзлэх ба аялал жуулчлал сайн хөгжсөн улсад 35 хувийг эзэлдэг. Тус онд 577,3 мянга гаруй жуулчин иржээ.
2020 онд: Салбарын орлого -65,8 хувь буурчээ.
- Үзвэр урлаг, соёл, ресторан шар түвшинд. (дотоодын аялал жуулчлалын ачаар)
- жуулчны бааз улбар шар түвшинд
- зочид буудал улаан түвшин
- тур операторууд, авиа компаниуд хасах түвшинд очжээ
МАЖХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн С.Алтантуяа аялал жуулчлалын салбар тэр дундаа жуулчны баазуудын дараах асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.
- Аялал жуулчлалын салбар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд ажилтнууд вакцинд хамрагдсан байх
- 18 сарын турш тэг зогсолт хийсэн байгууллагууд хөнгөлөлттэй зээлд хамрагдах
- Аялал жуулчлалын салбар сэргэхэд хугацаа их орох учир 2023 он хүртэл газар, үл хөдлөхийн ашиглалтын зардлыг тэглэх
- Ашиглалтын гэрчилгээг 5 жил байдгийг 10 жил болгож сунгах
- Аялал жуулчлалын бүсчлэлийг тогтоох. Ялангуяа Хөвсгөл, Тэрэлж, Хархоринд даацын хэтрэлтийг шийдэж өгөх. Стандартын дагуу баазууд 1 км-ээс доошгүй зайтай байх ёстой.
- Жуулчны бааз, лодж, амралтын газар гэх мэт жуулчин байрлах газруудын гэрчилгээг нарийн ялгаж олгох. Гурван гэр барьчихаад жуулчны бааз гэх нь өрөөсгөл.
- Шийдвэр гаргах түвшний төлөөлөлтэй тэр дундаа БОАЖЯ-тай хэлэлцүүлэг хиймээр байна. Бидэнд цаг зав гаргаж өгнө үү.