Өнгөрсөн шөнө Говь-Алтай аймгийн Шарга сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т Сондуулт багийн “Улаан тээг” гэдэг газар хот хооронд зорчиж явсан том оврын автобус болон суудлын автомашин мөргөлдсөн ноцтой осол гарч хоёр хүн нас барж, 11 хүн гэмтэж бэртэж гэмтсэн байна.
Хэргийн талаарх дуудлагыг онцгой байдлын алба хоёрдугаар сарын 24-ний 01:55 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авч дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 4 алба хаагч нэг автомашинтайгаар 105 км замыг туулан 03:50 цагт очиход Ховд аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Грандбирд” загварын том оврын автобус, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас Баян-Өлгий аймгийн чиглэлд явсан “Кроун” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна.
Энэхүү ослын улмаас Баян-Өлгий аймгийн харьяат 29 настай эрэгтэй болон Ховд аймгийн харьяат 56 настай эмэгтэй нар автомашины төмөрт хавчуулагдан нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад, бэртэж гэмтсэн 11 хүнийг Эмнэлгийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.