Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийж байна.
Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар "Хөл хорионд орж, шинжилгээнд хамрагдсан нийслэлийн иргэддээ баярлалаа. Дүүрэггүй нийслэл, нийслэлгүй дүүрэг оршихгүй. Алба хаагчдадаа баярлалаа. Нийслэлийн 100 мянган өрхөд чиглэсэн арга хэмжээг өнгөрөгч өдрүүдэд есөн дүүрэгт зэрэг зохион байгууллаа. Нийтдээ 403 мянган иргэнийг шинжилгээнд хамруулжээ. "Нэг хаалга-нэг шинжилгээ" аяны хүрээнд 126 тохиолдол илрээд байна. Өнөөдрийн байдлаар 549 хүн тусгаарлагдсан байна. Халдварын 33 голомтыг нэмж илрүүлсэн байна. Шинжилгээ авах байрууд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр худалдаа үйчилгээний байгууллагуудтай танилцаж, чиглэл, зөвлөмж өглөө. Чиглэл чиглэлээ хариуцаж зөвлөн туслаж байгаа. Үйлдвэр үйлчилгээний байгууллагуудын 95 хувийнх нь үйл ажиллагаа сэргээд байна.Цаашдаа хатуу хөл хорио Улаанбаатар хотод тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа. Харин хэсэгчилсэн хөл хорио халдвар гарсан газруудад тогтооно. Улаанбаатар хотын зам, барилга, ногоон байгууламж, эрчим хүчний ажлуудыг орхигдуулаагүй зэрэг хийж ирсэн. Улаанбаатар хот Монголын стратегийн гол газар. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хамгаалах чиглэлд ажиллана. Манай багт жижиг дунд үйлдвэрлэлийн ажлыг булаадаг хүн байхгүй. Хэрэв байвал холбогдоорой. Хотын ажлыг иргэд нь хянах туйлын чухал.
Миний бие болон алба хаагчид маань вакцинд хамрагдах байх. Иргэд вакцинаа сонгож хийлгэх нь зөв. Вакцин үйлдвэрлэж буй компаниудын дунд бид төөрөлдөж байгаа байх. ДЭМБ-ын зөвшөөрөл олгосон вакцинуудыг л хэрэглэнэ. Вакцинжуулалт энэ оныг дуустал хийгдэх байх гэж бодож байна.
Албаны хүмүүс сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа.
-Ариутгал халдваргүйжүүлэлт хийх хүний нөөц бололцоо хэр байгаа вэ?
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд дарга Б.Батшагай:
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 538 байцаагч өнөөдөр үйл ажиллагаагаа нэгж буй байгууллагуудад ажиллаа. Зөвшөөрөгдсөн ариутгалын бодисоор ариутгал хийхийг албан байгууллагуудад зөвлөсөн. Нийслэлийн 2961 байгууллагад хяналт, шалтгалтанд хамрагдсан.
-Энэ онд нийслэлд ямар томоохон бүтээн байгуулалтыг хийх үү?
Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Ажлууд явна. Түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд Улаанбаатар хот ухаалаг болох ёстой. Гадны санхүүгийн байгууллага, элчин сайдуудтай ч уулзаж байгаа. Нэгжийн хуулиар концесс, төсвийн асуудал, үнэт цаас буюу бонд зэргээр нийслэлийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж бодох хэрэгтэй. Цэцэрлэг, сургууль, гудамжаар нийслэлийн хөгжлийг харахгүй. Томоор харах хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотын хөгжөөгүй шалтгаан бол төсвөөс хараат байсан. Төсвийн шударга бус хуваарилалт. Цаг нь болохоор бүх ажлаа нэгтгээд мэдээлнэ.
-Вакцин хийлгээд эхэллээ. Цаашдаа маскны хэрэглээг үргэлжлүүлэх үү?
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар Б.Бямбадорж:
-Вакцин хийлгэсэн ч зай барих, маск зүүх нь үргэлж хамт байна. Харьяалалаараа иргэд шинжилгээ өгч болно. Үнэхээр шинж тэмдэг илэрсэн бол шинжилгээ өгөөрэй. Сарын дурын шинжилгээ авах ажил үргэлжилж байгаа ч иргэд ачаалал үүсгэхгүй байх нь чухал. Урьдчилж цахимаар цаг авч, соёлтой үйлчлүүлээрэй.
-Маскны тендерийн асуудал юу болсон бэ?
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар Б.Бямбадорж:
-Эрүүл мэндийн яам буцаад татсан.
-Нийслэл рүү орж, гарах хөдөлгөөний тухайд ?
Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Орон нутгаас орж ирэх иргэд асуумжаа бөглөөд орж ирнэ. Ирэх гуравдугаар сарын 1-нээс иргэд PCR шинжилгээний 72 цагийн хүчинтэй хариутайгаар хотоос гарч болно.