Монголбанкнаас Ковид-19-ийн сөрөг нөлөөллийг бууруулахаар урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг ашиглан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон уул уурхайн бус экспортлогчдод 10.5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлийг өнгөрсөн оноос олгож эхэлсэн. Үүний хүрээнд 2020 оны 12 дугаар сард олгосон 230 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн эх үүсвэрийг банкууд нийт 20 мянга орчим ажилтантай 1536 аж ахуйн нэгжид шинээр зээл олгох болон зээлийг дахин санхүүжүүлэх хэлбэрээр ашиглаад байна.
Энэ оны 1 дүгээр улиралд 250 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгохоор шийдвэрлэсний дагуу өчигдөр урт хугацаат репо арилжаагаар ирүүлсэн саналын дагуу ХААН, Худалдаа хөгжлийн, Голомт, Хас, Тээвэр хөгжлийн, Богд, Капитрон, Кредит банкуудад нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олголоо.
Урт хугацаат репо санхүүжилтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сайжруулах зорилгоор Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг хамрагдах боломжоор хангаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид олгох зээлийн дээд хэмжээг 3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэв.
Цаашид банкууд Монголбанкнаас авсан санхүүжилтээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд болон уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа явуулдаг экспортлогч аж ахуйн нэгжүүдэд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн А-58 дугаар тушаалаар батлагдсан шалгуурын дагуу 3 тэрбум төгрөг хүртэл хэмжээтэй, 2 жилийн хугацаатай, жилийн 10.5 хувийн хүүтэй зээлийг шинээр олгох болон өмнө олгосон зээлийг дахин санхүүжүүлэх юм.
Тиймээс Монголбанкнаас тавьсан шалгуурыг хангаж буй харилцагчид дээрх дээрх банкуудад хандан шинээр зээл авах, зээлд дахин санхүүжилт хийлгэх боломжтой.