Улаанбаатарт тогтоосон хатуу хөл хорио өнөөдөр цуцлагдаж, коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхлэх гэж байна.
Их Британийн Оксфордын их сургуулийн бүтээж, БНЭУ-д үйлдвэрлэсэн AstraZeneca вакцинаас 150,000 тунг манай улс өчигдөр хүлээн авсан. Уг вакцинд ДЭМБ-аас нийтэд хэрэглэх зөвшөөрлийг олгосон юм.
Энэхүү вакцины анхны тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 11:30 цагт хийлгэснээр вакцинжуулалт эхэлнэ.
Их Британид хийсэн судалгаагаар AstraZeneca вакцинаас нэг тунг хийсэн үед халдварын тархалтыг 94 хувиар бууруулсан сайн үр дүн гарчээ.
Өнөөдөр эхлэх вакцинжуулалтад эхний ээлжид улсын болон хувийн эмнэлгийн ажилтнууд хамрагдах юм.
Эрүүл мэндийн салбарт 50 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтан байдаг статистик мэдээлэл байна.