Хоёрдугаар сарын 23-наас 28-ны хооронд буюу тав хоногийн хугацаанд төрийн байгууллага оффисоос ажиллах ажилчдынхаа тоог түр цөөлөхөөр болсон байна. Тодруулбал, энэ хугацаанд төрийн байгууллагын ажилчдын 10 хүртэл хувийг ажиллахаар зохион байгуулах чиглэлийг УОК-ын орлогч дарга Г.Ариунбуян өгчээ.
Бусад албан хаагчид цахимаар ажиллах бөгөөд оффисоос ажиллах ажилчдын хувьд хувийн унаагаар зорчихгүй, нийтийн тээвэр эсвэл албаны унаагар зорчих чиглэлийг өгсөн байна.
Ийнхүү төрийн албан хаагчдын дийлэнхийг гэрээс ажиллуулах болсон шалтгааныг УОК-оос тайлбарлахдаа, “Тав хоногийн хугацаанд хоёр шалтгаантайгаар энэхүү чиглэлийг өгсөн. 12 хоног үргэлжилсэн хөл хорионы үеэр төрийн захиргааны 30 мянган албан хаагч сахиулж, хязгаарлалтын үед ажилласан. Нөөцийн хувьд сэлгэн ажиллуулж байна. Мөн улсын хэмжээнд 200,000 төрийн албан хаагч байдгаас хөл хөдөлгөөн их. Иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх албан хаагчид хэвийн горимоор ажиллана" гэлээ.
Ийнхүү зохицуулалт хийсэнтэй холбоотойгоор иргэдийн авах төрийн үйлчилгээг цалгардахгүй бөгөөд зохион байгуулалтуудыг хариуцсан газар, яамууд хийсэн гэсэн юм.