Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг маргааш өглөөний 06.00 цагаас цуцална. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн 95 орчим хувь нь хэвийн ажиллаж эхэлнэ гэдгийг Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүд маргаашнаас ямар дэглэм журам мөрдөж ажиллахыг танилцууллаа.
Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж байгаатай холбогдуулан коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг баталжээ. Энэхүү журамд иргэд, аж ахуйн нэгжүүдэд ямар шаардлага тавихыг тусгасан байна. Маргаашнаас иргэдэд амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зайгаа барих, гараа ариутгах гэсэн энгийн шаардлага тавих юм байна. Харин аж ахуйн нэгжүүдэд хоёр цаг тутамд агаар сэлгэх, үүдэндээ гар ариутгагч, халуун хэмжигч, ариутгах бүхээг байрлуулах, QR код уншуулах, төлбөр тооцооны хэсэгтээ шилэн хаалт хийх, үйлчилгээний байгууллагууд ширээ хоорондын зайгаа хоёр метрт тохируулах, тусгаалах хаалт хийх, бэлэн мөнгөөр төлбөр хийхээс аль болох татгалзах, бүх төрлийн үйлчилгээний заал танхимын дүүргэлтийг 50 хувиас хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг шаардлага тавьж байгаа ажээ. Энэ мэт зохижуулалт бүхий түр журмыг аж ахуйн нэгжүүдэд хүргэж танилцуулах юм байна.