Вакцин гэж юу вэ?
Халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлал бий болгохын тулд хэрэглэх дархлаажуулах бэлдмэлийг хэлнэ.
Вакцин дангаараа коронавирусийн халдвараас сэргийлэх үү?
Вакцинаас гадна иргэн та гар угаах, хүн хоорондын зай барих, амны хаалт хэрэглэх зэрэг дадлуудыг мөн хослуулж хэвшүүлснээр коронавирусийн халдвараас сэргийлж, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаална.
Ковид-19-ийн эсрэг вакцин нь халдвараас сэргийлэх, тархалт, хүндрэл эндэгдлийг бууруулах зорилготой. Вакцины үйлдвэрлэл, төрлөөс шалтгаалан тодорхой товлолоор хийдэг. Тухайлбал: Pfizer-BioNTech Ковид-19 вакциныг 18-аас дээш насныханд 21 хоногийн зайтай 0,3 мл хоёр тунг хийлгэнэ.
ДЭМБ-аас гаргасан вакцины зорилтот бүлэг:
- Эрүүл мэндийн байгууллагын ажилтан
- Халдварын голомтод ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын ажилтан
- 50 ба түүнээс дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт.
Коронавирусийн эсрэг вакциныг яагаад хийлгэх ёстой вэ?
- Вакцин таныг Ковид-19 халдварт өвчнөөс хамгаална.
- Вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс хамгаална.
- Вакцин хийлгэснээр ойр дотны хүмүүстээ болон бусдад халдвар тараахаас сэргийлэх зэрэг ач холбогдолтой.
Коронавирусийн эсрэг вакциныг яагаад хоёр удаагийн тунгаар хийлгэх ёстой вэ?
Эхний тунгийн дараа хүний дархлааны тогтолцоо вирусийг таних чадвартай болдог. Энэ үед дархлаа хангалттай тогтоогүй байна. Хоёр дахь тунгийн дараа дархлааны хариу урвал улам хүчирхэг болж, дархлаа сайн тогтоно. Халдвараас сэргийлэхийн тулд вакциныг хоёр тунгаар хийлгэх ёстой.
Вакцины хүйтэн хэлхээ гэж вакцин, био бэлдмэлийг үйлдвэрлэгчээс-хэрэглэгч хүртэлх хугацаанд зааврын дагуу тодорхой хэмд хадгалан, тээвэрлэх тогтолцоо юм. Халдварт өвчин судлалын үндэсний төв нь үндэсний хэмжээнд вакцин хадгалах зориулалтын төв агуулахтай бөгөөд хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Мөн аймаг, сум дүүргийн эрүүл мэндийн байгууллага бүр вакциныг хөргөгч, хөлдөөгч, зөөврийн сав хэрэглэн ард иргэдийг вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Ихэнх вакциныг 2-8°C хэмд хадгалдаг.