Талбайн теннисний дөрвөн том тэмцээний нэг Австралийн их дуулгын эмэгтэй ганцаарчилсан төрлийн финалын тоглолт болж, хагас шигшээд Америкийн алдарт теннисчин, 23 удаагийн их дуулгын аварга Серена Уильямсыг хожоод байсан Японы залуу од Наоми Осака финалд Серенагийн нутаг нэгт Женнифер Брэдиг 6-4, 6-3 харьцаагаар хожин түрүүллээ.
2018 болон 2020 оны АНУ-ын их дуулга, 2019 оны Австралийн их дуулгад түрүүлж байсан 23 настай, Наоми ийнхүү дөрөв дэх их дуулгынхаа цомыг өргөж байна. Мельбурн хотын "Rod Laver Arena" талбайд болсон тоглолтыг 7500 хүн үзжээ. Наоми "Өмнөх их дуулгад үзэгчгүй талбайд тоглож үзсэн. Харин энэ удаад тэд байгаа нь үнэхээр гайхалтай байлаа" хэмээжээ.
2020 оны хоёрдугаар сараас хойш нэг ч хожигдоогүй байгаа Наоми ийнхүү анхны дөрвөн финалдаа бүгдэд нь яллаа. Өмнө нь ийм амжилтыг 9 их дуулгад түрүүлж байсан Моника Селес 1991 онд үзүүлж байсан юм.