Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагт хуралдаж хөл хорионы дэглэм сулруулах болсонтой холбоотойгоор мэдээлэл хийж байна.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан:
- "Нэгдүгээрт, 12 хоногийн хугацаанд Нэг өрх-нэг шинжилгээ зохион байгууллаа.
- Хоёрдугаарт, иргэдээ вакцинжуулах ажлыг эхлүүлэхээр зохион байгуулж байна.
- Гуравдугаарт, хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн аль болох ажил амьдралын хэвийн горимд шилжихтэй холбоотой ААН-үүдийн хэвийн ажиллах журмыг боловсруулаад байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цар тахлын түвшинд шилжүүлж байна. Ажил амьдралын хэвийн горимд шилжиж байгаатай холбогдуулан цар тахлын түвшин тогтоох, хэрэгжүүлэх түр журам боловсрууллаа. Энэ журам гарснаар шат шатны онцгой комиссын байгууллагууд уялдаа холбоогүй ажилладаг байсан бол энэ цаг үеэс ойлгомжтой болно.
Дөрвөн түвшинд хуваасан. Үүнд:
- Улаан буюу 4-р түвшин-халдвар хүн амын дунд тархсан
- Улбар шар буюу 3-р түвшин -голомтолсон халдвар
- Шар буюу 2-р түвшин-голомт алаг цоог
- Ногоон буюу 1-р түвшин
ААН-үүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулна. 14 чиглэлийн 86 байгууллагыг оролцуулж түр журам боловсруулаад байна.
Шаардлагатай үед зарим газарт хязгаарлалт хийнэ. Уралдаан тэмцээн, аялал зугаалга, диско баар, өргөтгөсөн худалдаа, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хориглож байгаа. Хот хоорондын хөдөлгөөнийг гуравдугаар сарын эхэн үе хүртэл нээхгүй.
Бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 10-наас эхлүүлнэ. Мөн иргэдээ гадаадаас татах авах ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Гурав, дөрөвдүгээр сард 12-14 нислэгээр иргэдээ татан авна. Гадаадаас ирсэн иргэдээ 10-14 хоног тусгаарлана. Иргэдэд ямар байранд байрлах сонголтыг бий болгож байгаа. Мөн гадаад руу явах хүсэлтэй байгаа иргэдийг эдгээр нислэгт хамруулна" гэлээ.