Ким Кардашиан нөхөр Кане Уэстээс салах өргөдлөө өгсөн талаар ВВС мэдээллээ. Дөрвөн хүүхдийн эцэг эх болсон тэд гэрлээд долоон жил болж байгаа юм.
Тэдний хэн хэн нь олон нийтэд тайлбар хийгээгүй байна.
Ким 2007 онд дэлгэцнээ гарсан гэр бүлийн реалити шоугаараа алдаршсан. Тэрбээр гар утасны аппликейшнээс эхлээд нүүр будгийн гэх мэт бизнесийн олон салбарт хөл тавьж, Форбсын үнэлгээгээр 780 сая долларын хөрөнгөтэй болжээ.
Харин Грэммигийн шагналт рэппер Кане Уэст 15 жил хөгжмийн ертөнцөд зүтгэснээс гадна загварын салбарт амжилт олсон байна.
Тэд ууган охиноо 2013 онд өлгийдөн авсан. Тэр жилдээ Кане Уэст Сан Францискогийн бэйсболын цэнгэлдэх хүрээлэнг түрээсэлж гэрлэх санал тавьж, 2014 оны тавдугаар сард гэрлэж байв.
Өнгөрсөн жил Уэст АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ч амжилт олоогүй. Тухайн үед Ким Кардашиан нөхрийнөө талаар "хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй", "гайхамшигтай эр хүн ч хамт байхад заримдаа хүндрэлтэй байдаг" хэмээн бичиж байсан юм.