Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон худалдаж авсан коронавирусийн эсрэг вакциныхаа нөөцийн 5 хүртэл хувийг дэлхийн хөгжиж байгаа орнуудад хандивлахыг АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудад хандаж уриалсан талаар ВВС мэдээллээ.
Хэрвээ ийм арга хэмжээ авахгүй бол дэлхийн улс орнуудын хөгжлийн ялгаа улам гүнзгийрэх аюултайг тэр анхааруулсан байна.
Өнөөдөр буюу Баасан гарагт дэлхийн Их Долоон гүрний удирдагчид виртуал горимд чуулах юм. Макрон уриалгаа энэхүү чуулганыг угтуулж гаргажээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден уг чуулганы үеэр $4 тэрбумын санхүүжилтийг COVAX вакцины хөтөлбөрт хандивлахаа мэдэгдэх гэж байгааг Цагаан ордноос мэдээлсэн байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын санаачилсан COVAX хөтөлбөр нь коронавирусийн эсрэг вакциныг дэлхий даяар тэгш хуваарилах зорилготой юм.
Энэ удаагийн Их Долоогийн чуулганыг даргалах Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өөрийн улсын худалдаж авсан вакцинаас илүү гарсныг COVAX хөтөлбөрт хандивлах амлалт авна гэсэн мэдээлэл ирээд байна.
Өнөөдөр дэлхий даяар 110 сая гаруй хүн коронавирусийн халдвар авснаас 2.4 сая гаруй нь нас барсан гэсэн тоо бий.
“Бид тэрбум тэрбум тун вакцин, эсвэл тэрбум тэрбумаар мөнгө гаргах тухай яриагүй. Зүгээр л өөрт байгаа вакциныхаа нөөцийн 4-5 хувийг хуваарилах тухай ярьж байна. Энэ нь бидний дархлаажуулалтын хөтөлбөрт төдийлөн нөлөөлөхгүй боловч бусад орнуудад чухал дэмжлэг болох юм” гэж Макрон өчигдөр Financial Times сонинд яръжээ.
Санаачилгыг нь Германы канцлерь Ангела Меркель дэмжиж байгаа ба АНУ-ын засаг захиргаа ч дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэр хэлсэн байна.
Ийм санаачилга гаргахгүй бол Хятад, Орос улсууд вакцинаар дамжуулан дэлхий дахинд нөлөөгөө нэмэгдүүлэх төлөвтэй байгааг Макрон анхааруулжээ.
Дэлхий дахинд түгээгдээд байгаа нийт вакцины нөөцийн 75 хувийг 10 улс орон хувааж аваад байгааг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өчигдөр анхааруулж байв.
Харин 130 гаруй улс орон ганц ч тун вакцингүй байгааг тэр НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд үг хэлэхдээ дурдсан байна.
Хоёрдугаар сарын 15-ны байдлаар хамгийн олон вакцинтай улсуудын 100 хүн тутамд ногдох вакцины тоог графикаар харуулжээ.