Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр вакцин орж ирсэн ч бид Ковид-19-тэй зэрэгцэн амьдрах, түүнтэй уялдсан эрсдэлийн менежментийн төлөвлөгөө гаргана гэлээ.
Мөн нийслэлийн 412 мянга гаруй өрхийг хамруулж буй "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний явцын талаар мэдээлэл өгсөн бөгөөд үр дүнг харуулах технологийн давуу байдлыг бий болгож, хөгжүүлэлтийг сайжруулна гэв.
"412 мянга гаруй өрхөөс шинжилгээг энэ сарын 23-нийг хүртэл жигд явуулаад авчихна. Иргэдийн оролцоо их чухал бөгөөд шинжилгээ өгсөн л бол гадуур явах боломжтой хэмээн өрөөсгөл ойлгож хүндрэл учруулж, ачааллыг эрс нэмж буйг холбогдох байгууллагуудаас хязгаарлаж өгөх хүсэлт ирүүлсэн.
Дараагийн шатны бэлтгэл ажлаа хангахад НЗДТГ бэлэн. Өөрөөр хэлбэл дээрээс ямар үүрэг даалгавар өгнө түүнийг нь богино хугацаанд биелүүлэхэд бэлэн, НОК ажлаа гартаа бүрэн оруулаад байна. Миний хувьд, Улаанбаатар хотын эдийн засгийг энгийн байдалд шилжүүлж, бизнесийн үйл ажиллагааг хэвийн болгох ёстой гэсэн байр суурьтай байна. Хотын эдийн засаг нь улсын нийт эдийн засгийн 21 их наяд төгрөгийг эзэлж, нэг хүнд ноогдох ДНБ 16,5 сая төгрөг байгаа нь улсын хэмжээтэй харьцуулахад өндөр юм. Вакцин орж ирсэн ч бид Ковид-19-тэй зэрэгцэн амьдрах, түүнтэй уялдсан эрсдэлийн менежментийн төлөвлөгөө, 57 чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй ААН-ийг зохицуулсан журам гаргана" гэлээ.