Монгол Улс хоёр тун вакцин хийсэн иргэддээ гадаадад зорчих карт олгоно гэсэн. Энэ картыг олон улсад хүлээн зөвшөөрч байгаа талаар асуусан сэтгүүлчийн асуултад Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Олон улсын зохицуулалт тийм байгаа. Олон улсад тухай улс гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхдээ, авиа компаниар үйлчлүүлэхдээ вакцин тариулсан сертификат буюу дэвтэр, гэрчилгээг нь харж олон улсын харилцаа хил нэвтрэх, агаарын тээврийн үйлчилгээг явуулахаа мэдэгдээд эхэлсэн. Дархлаажуулалтын хуулинд ч байгаа. Сэргийлэх вакцинд иргэд сайн дураараа хамрагдах учраас хэрвээ хийлгэхгүй бол бид бичгийг нь авна. Хийлгэсэн иргэддээ сертификат өгнө. Тухайн иргэн гадагшаа явж өөр улсын хил нэвтрэхэд энэ сертификат буюу вакцин хийлгэсэн гэдэг бичгээ үзүүлж үйлчилгээнд хамрагдах учраас сертификат олгох ажлыг төлөвлөсөн байгаа” гэв.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Вакцины сертификатыг авахдаа бид бүрэн тун авсан байх ёстой. Вакцины эхний тунг хийлгэн 28 хоногийн дараа хоёр тунг хийлгэн 14 хоносон хүн бол сертификат аваад явахад би вакцинаар бүрэн хамгаалагдсан гэдэг эрх үүсэх юм. Мөн гаднаас ирж байгаа иргэддээ ийм шаардлага тавин тусгаарлалтын арга хэмжээндээ зохицуулалт хийж байгаа” гэж тодотголоо.