ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
– Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш халдвартай хэчнээн иргэн нас барсан бэ?
– Манай улсад коронавируст халдвар бүртгэгдэж эхэлснээс хойш таван нас баралт бүртгэгдсэн. Таван нас баралтын хоёр нь коронавирусийн халдвар илрээд эмчилгээ хийлгэж, халдвар илрэхгүй больсны дараа архаг хууч өвчтэй байсан учраас нас барсан. Харин гурван хүн нь бол халдвар илрээд эмчилгээ хийлгэх явцад нас барсан. Мөн архаг хууч өвчтэй хүмүүс байсан.
– Халдвартай нь батлагдсан нэг иргэнийг тусгаарлаагүй найм хоносон гэх мэдээлэл байна. Энэ тухайд тайлбар өгнө үү?
– Манай шуурхай хариу арга хэмжээний олон баг явдаг. Энэ хүний гэр бүл эхлээд батлагдсан. Тухайн үед тэр хүнээс шинжилгээ авахад сөрөг гарсан. Ингээд гэр бүлийг нь тусгаарлахад 11 сартай, 4 настай хоёр хүүхэдтэй гэр бүл байсан учраас "хүүхдүүдийг минь тусгаарлан ажиглах байранд аваачихгүй байна уу" гэсэн өргөдөл өгсөн. Тиймээс гэрт нь ажиглаад дахин шинжилгээ авахад эерэг гарсан.
Ингээд тусгаарлах болоход "хүүхдүүдээ халдвартай газарт авч очихгүй" гэдэг асуудал тавьсан. Үүнээс зургаан хоногийн дараа дахин шинжилгээ авахад хүүхдүүд халдварт өртөөгүй, өөрийнх нь шинжилгээ дахин эерэг гарсан учраас эмнэлэгт хэвтүүлсэн. Хэвтэхдээ бас өргөдөл өгсөн бөгөөд гэртээ эмчлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. Тухайн аавын хувьд халдварын сэргийлэлт хяналтын дэглэмийг сайн баримталж хүүхдүүддээ халдвар тараагаагүй.
Тал талдаа хүний амьдрал учраас тухай бүрдээ шийдээд явж байна. Тухайн хүний гэр бүлийн хүний болон өөрийнх нь өгсөн өргөдлүүд байгаа.
Янз бүрийн нөхцөл байгаа учраас хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг гэрт нь эмчлэх журмыг боловсруулж байна.
– "Монгол шир" компани дээр халдвар батлагдсанаас хойш 2 хоногийн дараа тусгаарлалт хийсэн. Энэ хугацаанд халдвартай хүн ажлаа хийгээд яваад байсан нь халдвар өргөн хүрээнд тархах үндэс болсон уу?
– Батлагдсан тохиолдол гарсан даруйд бид тусгаарладаг. Тухайн үед хүний бичиг баримт үзүүлээд зугтаах, хаягаа буруу хэлэх гэх мэт асуудал гарсан. Цагдаа, тагнуултайгаа нийлж хөөцөлдөж байж 2, 3 хүнийг олж авсан. Ийм асуудлууд гарч байгааг зохицуулаад ажиллаж байна.