"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний явцыг Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг танилцуулав. Тэрбээр “Өчигдөр Хан-Уул дүүргийн 32,000 гаруй өрхөд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхээр зарласан ч төлөвлөгөөт ажил 50 хувиар нэмэгдэж, нийт 42,443 хүнээс коронавирус илрүүлэх PCR шинжилгээ авсан байна.
Ингэж тоо нэмэгдсэн нь тус дүүргийн нэг өрхийн хэд, хэдэн хүн PCR шинжилгээ өгсөнтэй холбоотой. Нөгөө талаар, өөр дүүрэг хорооны иргэд Хан-Уул дүүрэгт шинжилгээ өгсөн тохиолдол байна.
Тиймээс Хан-Уул дүүргийн зарим хороонд шинжилгээ авч чадаагүй цөөн тооны өрх үлдсэн. Тэдгээр өрхүүдийг хороо, дүүргийн хаягаар нь сайн нягталж, хоёрдугаар сарын 20-ны өдөр буюу маргааш явуулын баг ажиллаж, дахин шинжилгээ авна.
Өчигдөр 32,000 өрхөд шинжилгээ хийх төлөвлөгөөтэй байсныг 10,000 хүн нэмэгдэж, ачаалал үүсгэсэн. Тиймээс иргэд өрх бүрээс 2-3 хүн биш зөвхөн нэг л хүн шинжилгээ өгөх ёстойг иргэд ойлгох хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, өрх бүрийн нэг гишүүн нь PCR шинжилгээнд хамрагдсан бол бусад гишүүд нь өгөхгүй байж болно. Учир лабораторийн ачаалал нэмэгдэхийн хэрээр сорьц хүлээгдэж, шинжилгээний хариу 48 цагаас хойшлох эрсдэл харагдаж байна” гэв.