Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзав.
Элчин сайд Ёорн Розенберг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэв. Мөн Монголчуудын уламжлалт Цагаан сарын баярын мэнд дэвшүүлэв.
Уулзалтын эхэнд манай хоёр орны харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд тогтвортой хөгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа талууд тэмдэглэж, харилцааны түвшингээ ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэхийн төлөө бүх талаар идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийлэв.
Хоёр орны хамтын ажиллагааг ашигт малтмал технологийн салбарт төдийгүй, харилцан сонирхсон бусад чиглэлээр хамтран хөгжүүлэхээр ярилцав. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, Германы дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зэргээр өргөжүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд мэдэгдлээ.
Мөн Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны улс орнуудын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгооор Берлин хотноо нээсэн “Мэдээлэл, худалдааг дэмжих төв”-ийн үйл ажиллагаанд ч анхаарлаа хандуулж, тус төвийг бэхжүүлэх, сурталчлахад хамтран ажиллахыг хүслээ.
Эрхэм Элчин сайд аливаа улс оронд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухал үүрэгтэйг тэмдэглээд ойрын жилүүдэд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.