Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 40217 хүнд шинжилгээ хийж халдварын 49 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 49 тохиолдлыг өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтлууд болон "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илрүүлсэн бөгөөд 39 нь хавьтлын шинжилгээгээр илэрсэн. Харин 10 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн.
Энэ сарын 11-нээс хойш "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд нийт 37 халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлээд байна. Халдварын нэг тохиолдлын ард маш олон хүн байж болох учраас чухал ач холбогдолтой юм. Шинжилгээний явцад 19 тохиолдлыг илрүүлэн улмаар хавьтлуудыг нь тусгаарлан шинжилэхэд 18 тохиолдол илэрч нийт 37 тохиолдол болоод байгаа.
"Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 209,336 хүнийг шинжилгээнд хамруулж нийт 37 халдварын тохиолдлыг илрүүлээд байна. Эдгээр тохиолдол нь:
- Баянгол дүүргийн 3, 12, 25 дугаар хороо
- Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо
- Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо
- Сонгинохайрхан дүүргийн 6, 7, 18, 31, 39 дүгээр хороо
- Хан-Уул дүүргийн 2, 4 дүгээр хороо
- Чингэлтэй дүүргийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагт 25 хүн эдгэрч гэртээ гарсан.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2493 болсон бол үүнээс 1802 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 678 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 86, хөнгөн 584 байна" гэв.
Дотоодын 1,980 халдварыг танилцуулбал
- Улаанбаатар хотод-1,654 /сүүлийн хоногт 49 тохиолдол нэмэгдэв/
- Орхонд-25
- Архангайд-3
- Сэлэнгэд-217
- Дархан-Уулд-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.