Хөл хорионы хугацаанд зохион байгуулж буй Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээнд тулгарч буй зарим бэрхшээлийн талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өчигдрөөс эхлэн томоохон хүнсний бөөний төвүүд ажиллаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдийн гэр бүлийн нэг хүнийх нь шинжилгээний хариу сөрөг гарсан бол гадуур явж болох нь гэсэн ташаа ойлголт таржээ.
Тухайлбал, автобусаар зорчих иргэдийн тоо л гэхэд 12-19 мянга болж 50 хувиар нэмэгдсэн байна.
Зөвшөөрөгдсөн 14 чиг үүрэг бүхий байгууллагын ажлын газрын тодорхойлолттой хүмүүсийн 15 хүртэл хувь нь л ажиллах ёстой.
Гэвч дээрх хүмүүсээс гадна цахимаар ажиллаж байгаа хүмүүс хөдөлгөөнд оролцож, хөл хориог сахиулж буй алба хаагчдад хүндрэл учруулж, цар тахлын үед хавьтлын эрсдэлийг бий болгох сөрөг зүйлс ажиглагдах боллоо.
Тэд хуурамч ажлын үнэмлэх үзүүлэх, дураараа явах байдлаар хүндрэл учруулж байна.
Тиймээс дахин анхааруулахад, бид энэ сарын 23-ны өдрөөс хойш амьдралын энгийн хэв маяг руугаа эргэн орохын тулд өрх бүрээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. Энэ ажил өнөөдөр 55 хувийг гүйцэтгэлтэй явж байна.
Тиймээс үлдсэн зургаан хоногийн хугацаанд 180,000 орчим өрхөөс шинжилгээ авч байж энэ ажил дуусах юм” гэв.