Вакцинжуулалтын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өглөө. Тэрбээр "Манай Улс 2020 онд COVAX хөтөлбөрт орох хүсэлтээ хүргүүлсэн. Энэ цагаас бэлтгэл ажлаа хангасан. Улмаар хүн амынхаа 20 хувийг дархлаажуулах боломжтой болсон.
Мөн гурван өөр түвшинд хадгалах зориулалттай вакциныг хүлээж авах бэлтгэлээ базаасан. Дэлхийд шинээр бүтээгдэж буй -70 хэмд хадгалах зориулалттай вакциныг хүлээж авах, хадгалах нөхцөл бүрдсэн. ЭМЯ-наас хөргүүр худалдан авч бэлтгэл базаасан.
Шинжлэх ухааны олон шалгуурыг давсан вакцинуудыг иргэнд хүргэхэд хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг бүрдүүлсэн байх нь тухайн улс орны чадавхыг илэрхийлдэг нэг гол хүчин зүйл юм.
Монгол Улс вакциныг хадгалах тоног төхөөрөмж, хүн хүч, нөөц, тогтолцоог бэлтгэсэн. Вакциныг оруулж ирээд иргэнд хүргэх хүртэлх тогтолцоо бэлэн болсон.
Вакцинд хамрагдахад тухайн үед ямар нэгэн цочмог халдварт өвчнөөр өвдөөгүй байх зэрэг шалгуур байдаг. Одоо бүтээж байгаа вакцинуудын судалгаа дутагдалтай байгаа учраас жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийлгэхийг зөвлөхгүй байгаа. Тиймээс эхний ээлжид жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийхгүй" гэлээ.