ХУД-т амьдардаг 0-21 насны долоон хүүхэдтэй айлаар орлоо. Гэрийн эзний хэлж байгаагаар хүүхэд тус бүрийн 100 мянган төгрөг сар бүр аваад ковидын үед арай ч хоолгүй хоночихгүй байна. Байгаа мөнгөндөө тааруулж 9 ам бүл маань болоод л байна. Харин өнгөрсөн жил нэгдүгээр ангид орсон охин маань ковид гээд бүтэн нэг жил гэртээ өнжсөн. Энэ жил хоёрдугаар ангид ахиад л ковид гээд өнжчихлөө. Үүнээс болоод 35 үсгээ ч мэдэхгүй байдалтай байна. Манай хувьд төгсөх ангийн охин, хоёрдугаар ангийн охин хоёртоо л маш их санаа зовж байна гэв.
Лантуун дохио ТББ-ын тэргүүн У.Ганбаяр хэлэхдээ, Ковидын үед гэр бүлийн хүрээнд үүсэж байгаа хамгийн ноцтой асуудал бол боловсролын асуудал. Нэг талаасаа хичнээн гэртээ зурагттай байсан ч интернэттэй байсан ч хүүхдэд хичээл хийх орон зай алга. Хүүхдэд хичээлээ ганцаарчилж хийх, төвлөрч хийх нөхцөл алга. Ялангуяа олон хүүхэдтэй айл өрхөд энэ асуудал хамгийн хүндээр тусаж байна. Мөн дөнгөж нэг, хоёрдугаар ангид орсон хүүхдүүдийн сурлага муудаж, хичээлийн хоцрогдол маш өндөр байна гэв.