/Бэлэн биш бэлэн байдал нэвтрүүлгийн хэсгээс бүтнээр үзэх холбоос https://youtu.be/YQDMiFhhopY/
Бэлэн биш бэлэн байдал нэвтрүүлгийг бэлтгэх үеэр бид нэг дүүрэг сонгож амьжиргааны төвшин доогуур гэсэн тодорхойлолттой айлуудын аж амьдралыг сурвалжилсан юм.
Бидний орсон гурав дахь айл бол иргэн М-ийнх байлаа. М нь 62 настай. Хоёр охинтой ч нэг нь зуурдаар нас барж, нэг нь архины хамааралтай нөхөртэй тул ээждээ анхаарах ч боломжгүй байдаг гэв. Харин М гуай талийгч охиныхоо хоёр охиныг өсгөж яваа. Том зээ нь 18 нас хүрсэн жилээ хүүхэд гаргаж, ганц бие ээж болжээ. Ингээд М гуай бүл нэмж, хоёр зээ охин, нэг зээнцэр хүүтэйгээ аж төрж байна. М гуайнх тэтгэврийн 300 гаруй мянган төгрөг, зээнцэр хүүгийнхээ хүүхдийн мөнгөөр амьдардаг юм.
Тэдний гэр бүлд ковидоос үүдэж, хөл хорио тогтоосон нь 6-р ангийн сурагч зээ охинд нь илүү хүндээр тусаж байгаа гэв. Учир нь зурагтаар хичээл нь гардаг ч охин хичээлээ ойлгодоггүй. Би зааж өгч чаддаггүй. Энэ охиноо уг нь боловсролтой болгоно гэж бодож байсан ч ингээд талаар болж байх шиг байна. Би охиноо хааяа загнадаг юм. Чи дэвтэр номдоо салхи оруулаач ээ гээд. Чи чинь зургадугаар анги төгсөх юм уу үгүй юм уу гээд л асуудаг юм. Гэхдээ яах вэ юм хумаа бичдэг юм аа хэмээн хуучлав.
Харин түүний зээ охин, сурагч Д: Би хичээлдээ явмаар байна. Гэртээ байхаар уйддаг. Хичээлээ зурагтаар үздэг ч хурдан гараад дуусдаг болохоор ойлгодоггүй. Олон багш ордог болохоор хичээлдээ явах их сонирхолтой байдаг гэв.
БШУ яам сурагчдад зөвхөн теле хичээлээр хичээл заагаагүй. Тараах материал өгч байгаа, hicheel.mn вэб сайт ажиллуулж байгаа гэж мэдээлж байсан юм. Гэтэл амьдрал дээр сурагчид энэ тухай ямар ч мэдээлэлгүй, тараах материалгүй сууж байна.