Зүрхний болон гол судасны төрөлх гажгийн мэс заслын эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцахаар болсныг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн мэдээлжээ.
2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам шинэчлэн батлах тухай” тогтоолын төсийг батлан Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлэхээр хүргүүлсэн байна. Тогтоолын төсөлд дээрх эмчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас хариуцах талаар тусгажээ.
Иргэдэд хамгийн их санхүүгийн эрсдэл учруулдаг өвчнүүдийг эрэмбэлж илүү чухал гэсэн тусламж үйлчилгээнүүдийг даатгалын сангаас 100 хувь, эсвэл аль болохоор бага төлбөртэй байхаар шийдвэрлэж байгаа аж. Ингээд хавдрын мэс засал, хавдрын бай эмчилгээ, хүүхдийн зүрхний мэс засал зэргийг ямар ч шимтгэлгүйгээр ЭМД-ын сангаас бүх өртөг зардлыг нь төлөхөөр болжээ.
Тодотгоход, зүрхний төрөлхийн гажигтай төрсөн хүүхдүүдийг аврах, амьдрал бэлэглэх зорилготой “Зүрх мартахгүй” төслийг Монголчууд хэдийнэ мэддэг болсон биз ээ. Зүрх судасны мэс засалч Б.Болдсайхан эмчийн санаачлагаар эхэлсэн “Зүрх мартахгүй” төслийн баг 2020 оны тавдугаар сараас эхлэн хүүхдүүдэд хагалгаа хийж буй юм. Тэд одоогийн байдлаар 40 гаруй хүүхдэд мэс засал хийсэн нь бүгд амжилттай болоод байна. 2027 он гэхэд 1000 хүүхдийг мэс засалд оруулж, бүрэн эдгээх зорилго төслийн багт бий.
Цаашид төрөөс энэ төрлийн хагалгааны зардлыг шийдвэрлэснээр илүү олон хүүхдэд хагалгаа хийх боломж бий болох нь.
Энэ төрлийн хагалгаа нь эмч мэргэжилтнүүдээс өндөр ур чадвар шаардахын сацуу өртөг өндөр хагалгаа байдаг. БНХАУ-д гэхэд 40-60 сая төгрөгөөр хийдэг бол БНСУ-д 80-240 сая төгрөгөөр хийгддэг хагалгаа аж.
Харин манайд хамгийн хямд буюу 10 сая төгрөгийн зардлаар хийдэг ч хүмүүсийн амьдралын боломж нөхцөл тааруугаас үүдэн хүндрэлтэй байдал үүсдэг. Тиймээс ч “Зүрх мартахгүй” төсөл эхэлсэн байдаг.
Тэгвэл төрөөс “Зүрхний болон гол судасны төрөлх гажигийн мэс заслын“ эмчилгээний зардлыг даах болсонтой холбоотойгоор Б.Болдсайхан эмч “Бүүр инээд баяр хүрээд байна… Гэхдээ бас зөрүү хаах хандив хэрэг болно оо. Хавсарсан, хүндэрсэн, өөр өвчин даамжирсан… гээд… гэхдээ л ихэнх зардал даатгалаас. Өдий хүртэл дэмжсэн бүх хүмүүст, хандив өгсөн 700-аад ХҮН, 30-аад байгууллагад гүнээ мэхийн талархмой” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.